БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын томилсон Ажлын хэсэг БЗД-ийн 11 дүгээр хороонд ажиллалаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын тушаалаар байгуулсан Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 11 хороонд үйл ажиллагаа явуулж буй "Заламт гол" компанийн "Хаягдал аккумлятор дахин боловсруулах үйлдвэр"-тэй танилцлаа. Энэ үеэр  Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга, Ажлын хэсгийн ахлагч А.Энхбат нэр бүхий иргэний хөдөлгөөний зүгээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу БОАЖ-ын сайн тушаал гаргаж, Ажлын хэсгийг газар дээр нь томилон ажиллуулж буй талаар танилцуулав. Ажлын хэсэг мэдээллийг зөвхөн гомдол гаргагчаас бус холбогдох талуудаас авч мэргэжлийн дүгнэлт гаргана гэдгийг хэлсэн.
Мөн энэ үеэр Ажлын хэсэг тус үйлдвэрийн орчимд ажиллаж амьдарч буй иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонссон. Улмаар үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан дүн, холбогдох мэдээллийг нягтлан, лабораторийн шинжилгээний дүн зэргийг үндэслэн мэргэжлийн дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Ажлын хэсэгт БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Тэмүүлин, МХЕГ-ын  Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэг, НЭМХ-гийн Орчны эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал, НБОГ-ын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Э.Жаргалсайхан нар ажиллалаа.