Байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлсэн иргэн, ААН, байгууллагыг урамшуулах журмын төслийн хэлэлцүүлэгт урьж байна

Засгийн газрын 1998 оны 95 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”-ыг  шинэчлэн боловсруулаад байна. 

2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 14 цагт  “Скай Плаза Бизнес” төвд болно .

Журмын төсөлд санал өгөх болон төслийн хэлэлцүүлэгт оролцох иргэд Цэвэр технологи, хөрөнгө оруулалт,  үйлдвэрлэлийн   хэлтсийн  311127 тоот утас / E-mail: Bayartsetseg@mne.gov.mn,/хаягаар  холбогдоно уу

 

                                                                                                                            Засгийн газрын 2017 оны ....дугаар

                                                                                                         сарын ...ны өдрийн ......дүгээр тогтоолын хавсралт

 

               БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ,

                                 БАЙГУУЛЛАГЫГ УРАМШУУЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглах, хүлэмжийн хийн ялгарал хог хаягдал болон дулаан алдагдлыг багасгах, эрчим хүчийг хэмнэх,  орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж,байгальд ээлтэй арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг  урамшуулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр.Хамрах хүрээ

2.1.Энэ журам нь байгальд ээлтэй арга, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарна.

2.2.Энэ журам нь байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн түүхий эд материал ашиглаж, үйлдвэрлэсэн аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэгэн адил хамаарна.

Гурав.Урамшууллын хэлбэр

3.1.Энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд дараахь урамшууллыг олгоно:

3.1.1.Байгальд ээлтэй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад  "Ногоон гэрчилгээ”

3.1.2.Байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн түүхий эд материал ашиглаж, үйлдвэрлэсэн, бүтээгдэхүүн, үйлчилгээнд  “Эко тэмдэг”олгоно.

3.2.Энэ журмын 3.1.2-т заасан Эко тэмдэгийг дараахь байдлаар ангилна:

3.2.1.тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээнд олгох “эко тэмдэг”.

3.2.2.байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэх “эко тэмдэг”.

3.2.3.Байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах мэдээллийг агуулсан “эко тэмдэг”.

3.3."Ногоон гэрчилгээ”, “Эко тэмдэг”-ийн загварыг Байгаль орчныасуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

Дөрөв.Урамшууллын шалгуур  үзүүлэлт

4.1.Байгальд ээлтэй арга, технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дараахь чиглэлээр дүгнэнэ.       

4.1.1.Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай зохистой ашиглах;

4.1.2.Орчны бохирдлыг бууруулах;

4.1.3.Хүлэмжийн хийн ялгарал багасгах, эрчим хүч хэмнэх.

4.2. Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай зохистой ашиглах технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дараахь шалгуур үзүүлэлтээр сонгон шалгаруулна:

4.2.1.байгаль орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг нөхөн сэргээх боломжийг нь алдагдуулахгүйгээр, даацад нь тохируулан зохистой ашиглаж байгаа;

4.2.2.байгалийн баялгийг иж бүрэн ашиглах, нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай зохистойашигласан, экосистемийнүйлчилгээг тэтгэсэн, дахин ашиглалтын түвшинг нэмэгдүүлсэн байх;

4.2.3.ногоон хөгжлийг дэмжсэн цэвэр технологи, инновацийг нэвтрүүлсэн байх;

4.2.4.хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй -материалиар баригдсан, дулаан алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй, хаягдал ус цэвэрлэх технологи бүхий барилга, байгууламжтай байх

4.2.5.ойн сэргэн ургах чадавхи, нөөцийг нэмэгдүүлэх, ашиглах, түүний төлөв байдлыг сайжруулах, хамгаалах дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн, модыг өргөн олдоцтой материалаар орлуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн

4.2.6.газрын доорх цэнгэг усны хэрэглээг багасгасан хур тунадасны усыг хуримтлуулан  үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан.

4.3.Орчны бохирдлыг бууруулах технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дараахь шалгуур үзүүлэлтээр сонгон шалгаруулна.

4.3.1.хөрсний үржил шимийг биологийн аргаар нэмэгдүүлсэн, химийн бохирдлыг бууруулсан;

4.3.2.хог хаягдлыг бууруулах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, ангилан ялгах, дахин ашиглах, устгах менежмент нэвтрүүлсэн, хаягдал дахь хорт бодисын агууламжийг бууруулсан;

4.3.3.хог хаягдал ашиглан эрчим хүч, дулаан үйлдвэрлэсэн, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн;

4.3.4.түлшний шаталтаас агаарт хаягдах утаанд агуулагдах хорт бодисын хэмжээг багасгасан; 

4.3.5.авто тээврийн хэрэгслийг шатдаг хий, цахилгаан эх үүсвэрт шилжүүлэх замаар тэдгээрийн ашиглалтын улмаас ялгарах хорт утааг бууруулсан. 

4.4.Хүлэмжийн хийн ялгарал багатай эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлсэниргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дараахь шалгуур үзүүлэлтээр сонгон шалгаруулна:

4.4.1.нүүрсхүчлийн хий болон хорт хийн ялгарлыг бууруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүчийг ашигласан;

4.4.2.бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ, нэгж талбайд ногдох эрчим хүчний хэрэглээг бууруулсан;  

4.4.3.нар, салхи болон газрын гүний дулааныг ашиглах технологи, хий, шингэн түлш, тэдгээрийн чанарыг сайжруулах бодис, дулаалгын материал, цахилгаан халаагуур зэрэг байгальд ээлтэй техник, технологи, тоног төхөөрөмж импортолж байгаа, эсхүл үйлдвэрлэж зах зээлд тогтвортой нийлүүлж байгаа; 

4.4.4.үйлдвэрлэлээс агаарт хаягдах бохирдуулагч бодисын хэмжээг  50-иас дээш хувиар бууруулсан нь итгэмжлэгдсэн лабораториор баталгаажсан;

4.4.5.байгальд ээлтэй технологийг зохион бүтээх, нэвтрүүлэх, нутагшуулах зэргээр технологийн шинэчлэл хийсэн.

4.6. Байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн түүхий эд материал ашиглаж, үйлдвэрлэсэн, бүтээгдэхүүн, үйлчилгээнд  эко тэмдэг олгох шалгуур үзүүлэлтийг энэ журмын 5.3-т заасан техникийн зөвлөлийн боловсруулж  байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

4.7.Шалгуур үзүүлэлтийг боловсруулахдаа “Байгаль орчны эко тэмдэгт ISO 14020 “Байгаль орчны тэмдэг- Ерөнхий зарчим” стандартыг суурь үндэс болгоно.

 

Тав.Урамшуулалд хамрагдах хүсэлт гаргах

 

5.1.Иргэн, аж ахуйн нэгж байгууллага урамшуулалд хамрагдах хүсэлтээ Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

5.2.Хүсэлт гаргах иргэн, аж ахуйн нэгж байгууллага дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:      

5.2.1.аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар;

5.2.2.үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа газрынхаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тодорхойлолт;

5.2.3.итгэмжлэгдсэн  лабораторийн шинжилгээний дүн, ашигтай загварын гэрчилгээ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагын тодорхойлолт;

 5.2.4.Байгальд ээлтэй технологи туршин нэвтрүүлсэн судалгаа, шинжилгээний үр дүн;

5.2.5.Байгаль орчинд ээлтэй технологиин тодорхойлолт, хүрсэн үр дүнгийн харьцуулсан үзүүлэлт;

5.2.6.Байгаль орчны үнэлгээ

5.2.7.татварын өр төлбөргүй талаарх баримт

5.3.Энэ журамд заасан баримт бичгийгхүлээн авч, бүрдүүлбэрийг хангаагүй бол буцаана.

            Тав.Комиссын бүрэлдэхүүн

5.1.Байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээний арга технологи, нэвтрүүлсэн  бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, импортолсон иргэн,  аж ахуйн нэгж, байгууллага  шалгаруулах  комиссын бүрэлдэхүүнийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

5.2.Комиссын бүрэлдэхүүнд байгаль орчны болон бусад салбарын төрийн болон  төрийн бус байгууллага,  хэрэглэгчдийн эрхийг  хамгаалах байгууллагын төлөөлөл байна.

5.3.Комиссын саналыг үндэслэн бүтээгдэхүүн үйлчилгээ нь “эко тэмдэг” олгох  шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий  техникийн зөвлөлийг байгаль орчны асуудал Засгийн газрын гишүүн байгуулна.

5.6.Техникийн зөвлөлийн бүрэлдэхүүнд мэргэжлийн болон техникийн хяналтын байгууллага, итгэмжлэгдсэн лаборатори, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, стандартчилалын байгууллагын төлөөлөл байна.

5.7.Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь “Эко тэмдэг” олгох шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэх талаарх дүгнэлтийг техникийн зөвлөл  комисст хүргүүлнэ.

Зургаа.Сонгон шалгаруулах ажиллагаа

 

6.1.Комисс нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлсэн материалыг хянан үзэж, шалгуур үзүүлэлтийг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг жил бүр сонгон шалгаруулна.

6.2.Комисс нь шалгарсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, бүтээгдэхүүн тус бүрийг урамшуулалд хамруулах тухай санал, дүгнэлтээ байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ. 

6.3.Шаардлагатай гэж үзвэл комисс байгаль орчны аудитын мэргэжлийн байгууллагаар  дүгнэлт гаргуулж болно.

6.4.Комиссын санал, дүгнэлтийг үндэслэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал, эко тэмдэг олгох шийдвэрийг Байгаль орчны  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

6.5.”Ногоон гэрчилгээ”, “Эко тэмдэг” олгосон тухай бүртгэлийг байгаль орчны мэдээллийн санд бүртгэж, цахим хуудсаар мэдээлнэ.

Долоо.Ногоон гэрчилгээ, Эко тэмдэг ашиглах

 

7.1.Аж ахуйн нэгж, байгууллага нь ногоон гэрчилгээ, эко тэмдгийг бүтээгдэхүүн, үйлчилгээний хаяг, шошго, сав баглаа боодол болон ном, сэтгүүл, нийтлэл, танилцуулга, сурталчилгаанд хэрэглэж болно.   

7.2.Ногоон гэрчилгээ, эко тэмдэг ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 3 жил тутамд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилсон ажлын хэсэг хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргана.

7.3.Ногоон гэрчилгээ, эко тэмдэг ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь шалгуур үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд “Ногоон гэрчилгээ”, “Эко тэмдэг”-ийг хүчингүй болгоно.

Найм.Санхүүжилт

10.1 Энэ журамтай холбоотой үйл ажиллагааг урамшуулахтай холбогдон гарах зардлыг улсын төсөв буюу Байгаль орчин, уур амьсгалын сангаас санхүүжүүлнэ.

Ес. Байгальд ээлтэй технологи, үйлчилгээний арга нэвтрүүлсэн, эко тэмдэг авсан  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх

9.1.Байгальд ээлтэй технологи, үйлчилгээний арга нэвтрүүлж, ногоон гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллагад дараах дэмжлэгийг үзүүлнэ.

9.1.1.байгальд ээлтэй арга технологийг дотоодын зах зээлийн орчинд хэвлэл  мэдээллийн хэрэгслэл, яамны цахим хуудсаар  сурталчлах;

9.1.2.ногоон зээлийн жагсаалтанд оруулах,  дотоодын болон гадаад хөрөнгө оруулалт хөнгөлөлттэй зээл, тусламж авахад дэмжлэг үзүүлэх;

9.1.3.хуульд заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд оролцоход дэмжлэг үзүүлж тодорхойлолт өгөх;

9.1.4.байгаль орчны олон улсын шагналд нэр дэвшүүлэх;

9.1.5.олон улсын ижил төстэй дэвшилтэт технологи бүхий байгууллагуудтай хамтарч ажиллахад  дэмжлэг үзүүлэх;

9.1.6.байгальд ээлтэй технологи, үйлдвэрлэлийн стандарт боловсруулах, олон улсын стандартыг үндэсний стандарт болгоход мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

9.1.7. байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтад оруулах

Арав. Маргааныг шийдвэрлэх 

10.1. Байгальд ээлтэй технологи, үйлчилгээний арга нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулахтай холбогдсон гомдлыг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. 

10.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага уг гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлэнэ.

10.3.Байгальд ээлтэй технологи, үйлчилгээний арга нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү журамд заасан урамшууллыг өмнө нь авсан бол дахин олгохгүй.

10.4.Энэ журмын 12.2-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.

 

                                                                                                                     Байгаль орчин, аялал жуулчлалын яам