ХЯНАЛТ ШАЛГАЛТ-ЫН СМАРТ/SMART-ИЙН МОНГОЛ ХУВИЛБАРЫН НЭЭЛТ БОЛЛОО.

Оюу толгой ХХК-ы Байгаль орчны дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) Говийн Бага Дархан Цаазат Газрын (ДЦГ) Хамгаалалтын захиргаанд Тусгай Хамгаалалттай Газрын (ТХГ)-ын хуулийн хэрэгжилт болон байгаль орчны эсрэг гэмт хэрэг, ялангуяа хулгайн антай тэмцэх СМАРТ аргачлалыг 2016 оны 9-р сараас хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ ажлын хүрээнд СМАРТ/SMART (Spatial Monitoring and Reporting Tool)-ийн програмыг Монгол хэлнээ хөрвүүлэн нутагшуулаад байна. Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран 2017 оны 4-р сарын 19-нд нээлтийн үйл ажиллагаа БОАЖЯ-ны Хаан танхимд 16:00 цагаас боллоо.

СМАРТ/SMART (Spatial Monitoring and Reporting Tool) нь Тусгай хамгаалалттай газар нутагт байгаль хамгаалагч хяналт шалгалт хийж, мэдээ цуглуулан, түүнийгээ програм ашиглан нэгтгэж, дүн шинжилгээ хийх, дараагийн хяналт шалгалтын зорилтыг тодорхойлох, тайлагнах цогц арга юм. Ингэснээр тухайн газар нутагт БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖИЛ ЖИГДЭРЧ ҮР ДҮНТЭЙ БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой болдог.

СМАРТ програмыг ашиглаж хяналт шалгалтын ажлыг явуулахдаа дараах алхамуудыг хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Байгаль хамгаалагч өөрийн хариуцсан газар нутагтаа эргүүл хяналт гүйцэтгэх, хэрэг зөрчлийн тухай мэдээлэл цуглуулах, эргүүл хяналтын хуудас хөтлөх
  • Цуглуулсан мэдээ, мэдээллийг СМАРТ програм руу оруулах,
  • Газрын зурагт буулгаж, дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах
  • Дараагийн арга хэмжээний стратеги төлөвлөлт боловсруулах

Одоогийн байдлаар дэлхийн 30 гаруй улс орны 140 гаруй тусгай хамгаалалттай газар нутагт энэхүү хяналт шалгалтын СМАРТ аргачлалыг ашиглаж байгаагаас 5 улс нь бүх ТХГН-таа СМАРТ-ийг хэрэглэж байна.