“Улаанбаатар хотын усан хангамжийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Дэлхийн усны өдрийг угтан Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын усан хангамжийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Нийслэлийн Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан  зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн зочинд, төлөөлөгчид, усны салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид нарт “Дэлхийн усны өдөр”-ийн баярын мэндийг  хүргээд НҮБ-аас “Дэлхийн усны өдөр”-ийг “ХАЯГДАЛ УС” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан манай улс “Хаягдал ус-нөөц баялаг” уриан дор тэмдэглэж байгааг онцоллоо.

Монгол улсын Засгийн газрын зүгээс бодлогын хувьд усны салбарт томоохон ажлуудыг хийж, хэрэгжүүлж эхлээд байгааг дурьдсан юм. Тухайлбал Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг энэ ондоо багтаан эхлүүлэхээр гэрээ, хэлэлцээрийн түвшинд ажиллаж байна.  Мөн хаягдал усыг эргүүлэн ашиглах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлын хүрээнд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөжээ.

БОАЖЯ, Мянганы сорилын сангийн хоёр дахь компакт гэрээний ажлын хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх, гэр хорооллын хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг БОАЖЯ-ны ХМА-с мэдээллээ.