ЦЭРЭНДУЛАМЫН ШИЙРЭВДАМБА /1954-2017/

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх Цэрэндуламын  Шийрэвдамба  2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр  өвчний улмаас зуурдаар  таалал төгсч, гэр бүл, ахан дүүс, найз нөхөд, хамт олон,Монголын байгаль орчны салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.         

Ц.Шийрэвдамба нь 1954 онд Баянхонгор аймгийн Богд сумын Шавийн худаг хэмээх газар төрж, 1961-1971 онд Баянхонгор аймгийн I арван жилийн дунд сургууль, 1975-1981 онд Украйн улсын Одессийн их сургуулийг биологич, экологич  мэргэжлээр онц дүнтэй төгсгөж, 1982-1984 онд Намын дээд сургуульд  улс төрийн боловсролыг эзэмшсэн. Ц.Шийрэвдамба нь 1986-1989 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Санкт-петербург хот дахь Ботаникийн хүрээлэнгийн аспирантурыг дүүргэж, 1990 онд “Монгол орны байгалийн үндсэн бүс, бүслүүрийн зонхилогч ургамлын анатомын хэв шинжүүд”  сэдвээр биологийн ухааны  докторын /Ph.D/ зэргийг хамгаалах бүтээлийг туурвиж, энэ ажил нь судалгааны онол, арга зүйн шинэ чиглэлийг нээсэн учир өндрөөр үнэлэгдэн, уг сэдвээрээ биологийн шинжлэх ухааны докторын /Sc.D/ зэргийг шууд  хамгаалж, эх орныхоо шинжлэх ухааны нэр хүндийг дэлхийд гаргасан эрдэмтэн байв.

Тэрээр хөдөлмөрийн гараагаа 1972-1975 онд ШУА-ийн Газар зүй, цэвдэг судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар эхэлж, 1981-1993 онуудад эрдэм шинжилгээний дэд болон тэргүүлэх ажилтан, 1993-1996 онд Байгаль орчны дэд сайд, 1996-1999 онд Байгаль орчны сайдын зөвлөх, Гамшиг мэдээллийн газрын дарга, 1999-2000 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Байгаль орчныг хамгаалах албаны дарга, 2000-2004 онд УИХ-ын  гишүүнээр сонгогдон, 2006-2008 онд Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2008-2009 Засгийн газрын тохируулагч агентлаг Улсын мэргэжлийн газрын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагч, 2004-2006, 2009-2012 онуудад Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GTZ/ болон НҮБХХ-ийн Байгаль орчны төсөл хөтөлбөрийн үндэсний зөвлөх, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын Парламентын асуудал хариуцсан  зөвлөх, 2012-2014 онд ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн зөвлөх, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар, 2014 оноос   Байгаль орчин аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр ажиллаж байв.

Ц.Шийрэвдамба нь биологи, экологи, тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын менежмент, байгаль орчны төрийн бодлогыг боловсронгуй болгох, байгаль орчны хяналт, судалгаа, шинжилгээний чиглэлээр мэргэшин ажиллаж, ухамсарт бүхий л амьдралаа байгаль орчны төлөө зориулсан гавьяатай нэгэн байв. Тэрээр “Монгол Улсын улаан ном”  /2 удаа хэвлэгдсэн/, ”Монгол орны байгалийн үндсэн бүс, бүслүүрийн зонхилогч ургамлын анатомийн хэв шинж”, “Монголын байгаль орчин”, ”Монголын унаган байгалийн өв”, ”Монгол Улсын биологийн баялаг”, ”Байгалийн нөөцийн менежментийн салбар дундын зохицуулалт”, ”Монгол улсын нэвтэрхий толь”, ”Монгол улсын дархалсан газар нутаг”, ”Монгол Улсын хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” зэрэг 20 гаруй ном товхимлыг дангаараа болон хамтран бүтээж, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, хэвлүүлсэн юм.

Түүний бүтээсэн ажлын гавъяа зүтгэлийг төр, засгаас үнэлж, 1981 онд “Тэргүүний сэхээтэн залуу алтан медаль, 1994 онд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”, 1997 онд “Байгаль орчны тэргүүний ажилтан”, 2000 онд Байгаль орчны хүндэт дэвтэрт бичигдэж, 2007 онд “Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”, “Төрийн албаны тэргүүний ажилтан, 2009 онд “Улсын хяналтын тэргүүний ажилтан”, ШУА-ийн хүндэт шагнал “Хубилай хааны”-ы одон, Ардын хувьсгалын 70,80,90 жилийн ойн медаль, Их Монгол улсын 800 жилийн ойн хүндэт тэмдэг, 2000 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнажээ.

Талийгаачийн эгэл даруу, нөхөрсөг, бүтээлч, тууштай зан чанар,  байгаль орчны салбарт хийж бүтээсэн гавъяа зүтгэл нь  бидний  зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олон