УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Увс аймгийн Байгаль орчны салбарын ажилтнуудын зөвлөгөөнийг Улаангом хотноо энэ сарын 13-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Байгаль орчны салбарын удирдлагууд, мэргэжилтэн байгаль хамгаалагчид, Байгаль орчны хяналтын улсын байцаагчид, ТХГН-ийн байгаль хамгаалагчид, ус цаг уурын харуулууд, сумын газрын даамлууд, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төсөл хөтөлбөрийн төлөөлөл 200 гаруй хүн оролцлоо. Байгаль орчин, аялал жуулчлалын талаарх төрийн бодлого, Аймгийн хөгжлийн хөтөлбөр, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, ногоон хөгжлийн бодлого төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, байгаль хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, зөрчил, байгалийн эсрэг гэмт хэрэг, ой хээрийн түймэр, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх талаар салбар салбарынхан илтгэл мэдээлэл танилцууллаа. Зөвлөгөөнд оролцогчдын дунд “Аялал жуулчлал ба байгаль орчин”, “Уул уурхай ба байгаль орчин”, “Хөдөө аж ахуй ба байгаль орчин”, “Уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчин” хэлэлцүүлэг зохион байгууллаа.