Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр

 

Төсөл

Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралт

 Нэг. Ерөнхий мэдээлэл

1.1   Хөтөлбөрийг боловсруулах эрх зүйн үндэслэл

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030 /2016/, Ногоон хөгжлийн бодлого /2014/, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр /2015/, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 4.1.11 дахь заалт, 10.4 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 14.1 дэх хэсэг, Агаарын тухай хуулийн 6.1.1 дахь заалт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03/03 дугаар зөвлөмж зэрэг бодлого, хууль тогтоомжид агаар, орчны бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахыг заасан нь Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах эрхзүйн үндэслэл болно.

1.2   Нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал

          Сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилт зэрэг хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хүрээлэн байгаа орчны чанар доройтон, бохирдол ихэсч, экосистемд сөрөг нөлөөлөл үзүүлээд зогсохгүй улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшил, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж асар их хохирол учруулахуйц болоод байна.

Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүдийн агаарын бохирдол ихэсч, ялангуяа өвлийн улиралд Улаанбаатар хотын хэмжээнд нийт ажиглалтын 50 гаруй хувьд Монгол Улсын Агаарын чанарын стандартаас давсан бохирдолтой байна.

Улаанбаатар хотын бохирдлын өнөөгийн байдлыг 2017 оны 1-р сарын эхний 10 хоногийн дунджаар авч үзвэл:

PM2.5 тоосонцрын хэмжээ 200 мкг/м3 буюу Агаарын чанарын стандарт(АЧС)-аас 4 дахин их, PM10 тоосонцрын хэмжээ 606 мкг/м3 буюу стандартаас 6 дахин их, хүхэрлэг хий (SO2) 235 мкг/м3 буюу стандартаас 4.7 дахин их, азотын давхар исэл (NO2)119 мкг/м3 буюу стандартаас 2.4 дахин их байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг эх үүсвэртэй нь холбож судалсан дүнгээс авч үзвэл: агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух гаргаж, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 гаруй мянга гаруй автотээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд гаргаж, 4 хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдал зэрэг бусад эх үүсвэрээс ялгарч байгаа утаа, тоос тортог эзэлж байна.

Усны бохирдлын хувьд гол эх үүсвэр нь: цэвэрлээгүй эсхүл дутуу цэвэрлэсэн үйлдвэрлэлийн болон ахуйн бохир ус, стандартын шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламж, хог хаягдал, хөрс болон агаарын бохирдол, уул уурхайн болон барилгын үйлдвэрлэлээс үүдэлтэй лаг шавар, хагшаас зэрэг болно.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж зэрэг хот суурин газрын цэвэрлэх байгууламжийн техник технологийн хоцрогдол, хүчин чадлын хэтрэлт нь усны бохирдлын гол эх үүсвэр болж байна. Улсын хэмжээний нийт 130 гаруй цэвэрлэх байгууламжийн талаас илүүгийнх нь үйл ажиллагаа доголдсон, эвдрэлтэй байгаагаас жилд 120 сая гаруй шоометр бохир усыг байгальд хаягдаж, Туул, Хараа, Орхон, Хангал зэрэг голын усыг эрдэс болон органик бодисоор бохирдуулж байна.

Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал усны нөлөөгөөр Туул голын ус Сонгины гүүрнээс Төв аймгийн Алтанбулаг сум хүртэлх хэсэгт “Маш бохир” гэж үнэлэгдэж, усан дахь органик бодисын агууламж Усны чанарын стандартаас 2- 266 дахин, аммонийн азот стандартаас 1.4 - 61 дахин давж бохирдож байна.

Хотжилтын нөлөөгөөр гэр хороолол тэлж, тэр хэрээр стандартын шаардлагад нийцэхгүй, доторлогоогүй ариун цэврийн байгууламж нэмэгдэж байгаа нь ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Улаанбаатар хотын гэр хорооллын 190 гаруй мянган өрхийн ариун цэврийн байгууламжийн 80% нь стандартад нийцэхгүй байна.

Хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь: Гэр хорооллын ариун цэврийн байгууламжаас гадна хог хаягдал, уул уурхайн хаягдал, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн хаягдал, агаарын бохирдол зэргээс үүдэлтэй байна.

Улаанбаатар хотын хөрсний бохирдол, экогеохимийн судалгаагаар 360 цэгээс сорьц авч шинжлэхэд 88%-д нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн байна. Хот, суурин газарт гэр хорооллын ариун цэврийн байгууламжтай (жорлон, муу усны нүх) холбоотой нянгийн бохирдол өндөр байдаг бол орон нутагт уул уурхайн үүдэлтэй хөрсний бохирдол их байна. Боловсруулах үйлдвэрлэл, машин засвар, хогийн цэгийн ойр орчмын хөрсөнд хар тугалга, хром, цайр зэрэг хүнд металлын бохирдол их байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж байсан ажлууд үр дүнд хүрэхгүй, цаг алдаж байгаагаас хотын хүн ам, ялангуяа хүүхэд, өндөр настны дунд агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөлийн эрсдэл улам ихэсч, эрүүл мэндэд ноцтой хохирол үзүүлэх хэмжээнд байгааг олон арван судалгааны дүн илтгэж байна. Тухайлбал:

-       Амьсгалын замын өвчлөл хүн амын дундах тэргүүлэх өвчлөл болж, агаарын бохирдол ихтэй гэр хороололд амьдарч байгаа өндөр настан, бага насны хүүхдийн дунд томуу, томуу төст өвчний хүндрэлд хүргэж байна. Хүн амын амьсгалын замын эрхтэний өвчлөл 2005 онд 10 мянган хүн амд 697 байсан бол 2014 онд 1730 болж 2.4 дахин өссөн. Цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл 2005 онд 494 байсан бол 2014 онд 980 болж 2 дахин өссөн.

-       Жирэмсэн эхчүүдэд ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлж, ураг хүчилтөрөгчийн дутагдалд орох, зулбах, дутуу төрөх, шинээр төрсөн хүүхдийн жин буурах үр дагаварт хүргэж байна.

Иймд агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн, ойрын хугацаанд үр дүнгээ өгөх, бодитой үйл ажиллагааг тодорхойлсон нэгдсэн бодлого боловсруулж, техник, технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн бүхий л боломжийг ашиглан салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна.

1.3  Үндэсний хөтөлбөрийн хамрах хүрээ

Үндэсний хөтөлбөр нь Монгол улсын нийт нутаг дэвсгэрийг хамран хэрэгжинэ.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилтууд

2.1 Хот төлөвлөлтийг боловсронгуй болгож, төвлөрлийг сааруулан, дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн бохирдлын эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2.2 Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:

2.2.1     Байгальд ээлтэй, үр ашигтай дэвшилтэд техник технологи, инноваци нэвтрүүлэх, орон нутгийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах замаар бохирдлын эх үүсвэрийг багасган, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хориглож бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах;

2.2.2     Хот байгуулалт, төлөвлөлт, дэд бүтцийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж, хот, суурин газрын агаар, орчны чанарыг сайжруулах;

2.2.3     Автотээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулах бодисын хэмжээг бууруулах цогц арга хэмжээ авах;

2.2.4     Агаар, орчны бохирдлыг бууруулах удирдлага зохицуулалт, санхүүжилт, үүрэг, хариуцлага, урамшууллын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр эрхзүйн орчинг сайжруулах;

2.2.5     Орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, амьдрах орчны эрүүл ахуйн зөв дадлыг төлөвшүүлэх, орчны чанарын хяналт-шинжилгээний чадавхыг бэхжүүлэн, судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлж бодит мэдээллээр хангах.

 

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагаа

Хөтөлбөрийг 2017-2021 он хүртэл 5 жилийн хугацаанд 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүнд:

Нэгдүгээр үе шат: Богино хугацааны буюу 2017-2018 он

Хоёрдугаар үе шат: Дунд хугацааныбуюу 2018-2021 он

Хөтөлбөрийн зорилтуудыг хангах хүрээнд доорх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1         Байгальд ээлтэй, үр ашигтай дэвшилтэд техник технологи, инноваци нэвтрүүлэх, орон нутгийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах замаар бохирдлын эх үүсвэрийн багасган түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хориглож бохирдуулах бодисын хаягдлыг бууруулахзорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1     Хот суурин газрын Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, халаалтын зориулалтаар шатааж хэрэглэхийг хориглох зүйлсийн жагсаалтыг гаргаж, дэглэмийг чанд мөрдүүлэх,

3.1.2     Дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг үе шаттайгаар хориглох,

3.1.3     Гэр хорооллын айл өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, сайжруулсан түлш үйлдвэрлэх үйл ажиллагааг дэмжин хөгжүүлж, түүхий нүүрсний хэрэглээг орлуулах,

3.1.4     Гэр хорооллын 2 тарифт тоолууртай айл өрхийн шөнийн цахилгаан эрчим хүчийг 50-100 хувиар хөнгөлөх,

3.1.5     Гэр, байшингийн дулаалгыг сайжруулж, дулаан алдагдлыг бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,

3.1.6     Хот, суурин газрын төвлөрсөн халаалтын болон уурын зууханд технологийн шинэчлэл хийж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр барьж байгуулах,Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж болон бусад хот, суурин газрын ариутгах татуургын байгууламж, үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийг байгаль орчинд халгүй дэвшилтэт технологиор шинэчлэн сайжруулах,

3.1.7     Нүүлгэн шилжүүлэх, дахин төлөвлөх эрхзүйн орчныг бүрдүүлж, ачаа тээврийн төмөр зам, хурдны автозамын төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагууд, их, дээд сургуулийг нийслэл хотоос нүүлгэн шилжүүлэх асуудлыг судалж, зохион байгуулах,

3.1.8     Хөрөнгө оруулалтыг орон нутаг руу чиглүүлж, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж ажлын байр бий болгох, хөдөөгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хөдөө орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжих,

3.1.9     Гэр хорооллын айл өрхийн үнс, хатуу хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх дэд бүтцийн байгууламж, машин механизмыг хүртээмжтэй болгох, хаягдлыг дахин боловсруулж ашиглах үйл ажиллагааг дэмжих,

3.1.10  Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжих, аюултай хог хаягдлыг түр хадгалах, устгах зориулалтын байгууламж байгуулж аюултай хог хаягдлын хяналтгүй тархалтыг хумих,

3.1.11  Ашиглалтаас гарсан сав баглаа боодол, зай хураагуур, аккумулятор, өдрийн гэрлийн шил, элэгдсэн дугуй, ажилласан тос зэрэг хог хаягдлыг үйлдвэрлэгч, импортлогч, борлуулагч нь хариуцаж эргүүлэн татдаг зохицуулалт, дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд олгох урамшууллын тогтолцоог бий болгох,

3.1.12  Нүүрсний давхаргын метан хийн нөөцийн судалгааг эрчимжүүлж, нүүрс баяжуулах, гүн боловсруулах үйлдвэр болон нүүрсний нийлэг хийн үйлдвэр байгуулах үйл ажиллагааг дэмжих,Зорчигчийн вагоны халаалтыг цахилгаан халаалтад үе шаттайгаар шилжүүлж, хот суурин газрын нутаг дэвсгэрт түүхий нүүрсний хэрэглээг халах,

3.1.13  Үйлдвэрлэл, үйлчилгээнд орчны бохирдол, хог хаягдлыг бууруулах, байгальд ээлтэй дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглахад чиглэсэн стандартуудыг шинэчлэн тогтоож мөрдүүлэх,

3.1.14  Агаар, орчны бохирдол, хүлэмжийн хийг бууруулах цэвэр технологи, инновацийн судалгаа хөгжлийг дэмжиж, санхүүжүүлэх эх үүсвэрийг нэмэгдүүлэх, олон улсын сангуудаас санхүүгийн дэмжлэг авах,

3.1.15  Агаар, орчны бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт техник, технологийг олон нийтэд дэлгэн үзүүлэх “Байгаль орчинд ээлтэй техник, технологийн үзэсгэлэнгийн төв” - ийг байгуулах,

3.1.16  “Ногоон зээлийн сан” байгуулах асуудлыг судлан, иргэд, хувийн хэвшил цахилгаан халаагуур, агаар, орчны бохирдлыг бууруулах, дулааны алдагдал бууруулах зэрэг байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн худалдан авахад дэмжлэг үзүүлэх хүү багатай зээлийн бүтээгдэхүүн бий болгох.

3.2         Хот байгуулалт, төлөвлөлт, дэд бүтцийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж, хот, суурин газрын агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.2.1     Хүн амын нутагшил, суурьшлын ерөнхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх замаар хүн амын 40 гаруй хувь нь нийслэлдээ төвлөрч байгаа өнөөгийн сөрөг үзэгдлийг халж, хүн амыг зохистой байршуулах нөхцлийг бүрдүүлж, бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх,

3.2.2     Нийслэлийн гэр хорооллын тэлэлтийг зогсоох, нийслэл рүү шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарлаж, яндангийн тоог нэмэгдүүлэхгүй байх,

3.2.3     Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дэд станцыг өргөтгөж хүчин чадлыг нэмэгдүүлэн, гэр хорооллын айл өрхийг 2.5-4кВт хүчин чадалтай цахилгаан халаагуур ашиглах боломжтой байхаар техникийн боломжийг бий болгох,

3.2.4     “Хямд өртөгтэй орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд амины оронсууцыг хөгжүүлэхэд чиглэсэн дэд бүтцийг гэр хороололд байгуулж, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэн залуус, бага, дунд орлоготой иргэдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд хамруулах,

3.2.5     Төвлөрсөн дэд бүтцийн системд холбогдох боломжгүй хэрэглэгчийг хэсэгчилсэн инженерийн хангамжид холбох, дэд төвүүдийг байгуулах, сэргээгдэх эрчим хүчний технологи нэвтрүүлэхийг дэмжих,

3.2.6     Хот, суурин газрын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох, стандартад нийцүүлэх арга хэмжээ авах,

3.2.7     Улаанбаатар хотод ажиллаж байгаа халаалтын зуухыг буулган хэрэглэгчийг төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн хангамжид үе шаттайгаар холбох,

3.2.8     Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах зорилгоор гүүрэн гарцуудыг шинээр байгуулах, зам, уулзварын нэвтрэх чадварыг сайжруулах,

3.2.9     Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр, авто техникийн зах, барилгын материалын зах зэргийг нийслэлээс үе шаттайгаар нүүлгэн шилжүүлж, инновацид тулгуурласан ногоон технологи бүхий үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх,

3.2.10  Хот, суурин газрын орчимд элс, хайрганы олборлолт, үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хязгаарлаж, нөхөн сэргээх,

3.2.11  Хот, суурин газрын ногоон байгууламжийг хот төлөвлөлтийн стандартад нийцүүлэн нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх,

3.2.12  Туул гол, түүний цутгал Сэлбэ, Улиастай, Баянгол, Зүүн, Баруун салаа, Толгойт зэрэг голуудад хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлж, үерийн далан болон хамгаалалтын бүс дотор буусан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг нүүлгэх бэлтгэл ажлыг хангаж, нүүлгэх ажлыг шат дараатай гүйцэтгэх.

3.3         Автотээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулах бодисын хэмжээг бууруулах цогц арга хэмжээ авах зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

3.3.1     Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа стандартын шаардлага хангахгүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох арга хэмжээ авах,

3.3.2     Евро 5 стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан шатахууны импорт, хэрэглээг дэмжих, уг стандартын шаардлагад нийцээгүй шатахууныг импортлох, хэрэглэхийг үе шаттайгаар хориглох, шатахууны чанарын хяналтын тогтолцоог сайжруулах,

3.3.3     Тээврийн хэрэгслийг хийн түлш, цахилгаан эх үүсвэрт шилжүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөө багатай техник технологи, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх туршилт хийж, хэрэгжүүлэх,

3.3.4     Авто замын сүлжээг өргөтгөж, хөдөлгөөн зохицуулалтын ухаалаг системийг нэвтрүүлэх, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулж автотээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулах бодисыг бууруулах,

3.3.5     Зам, тээврийн салбарын хог хаягдлын зохистой менежментийг бий болгох,Хот хоорондын автозамын дагууд зорчигчийн ая тухыг хангасан, түр буудаллах, ногоон шийдэлтэй үйлчилгээний цогцолборыг төлөвлөж байгуулах,

3.3.6     Замын ус зайлуулах системийг иж бүрнээр төлөвлөн хэрэгжүүлж, авто замын тоосыг зориулалтын машин техникээр цэвэрлэх, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө багатай бодис ашиглан цас, мөс хайлуулах.

3.4         Агаар, орчны бохирдлыг бууруулах удирдлага зохицуулалт, санхүүжилт, үүрэг, хариуцлага, урамшууллын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр эрхзүйн орчинг боловсронгуй болгох зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.4.1     “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах төсөв хөрөнгийг төвлөрүүлж, нэгдсэн удирдлагаар хангах,

3.4.2     Агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээлтийн асуудлаар албан тушаалтан, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгож, байгаль орчны хуулийн хэрэгжилтийг чангатгах,

3.4.3     Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдийг хөгжүүлэх,

3.4.4     Хот байгуулалт, ногоон байгууламжийн бодлого, эрхзүйн орчныг шинэчлэх,

3.4.5     "Орчны эрүүл мэнд" үндэснийхөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх,

3.4.6     Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх,

3.4.7     Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд ээлтэй, хэмнэлттэй, агаар, орчны бохирдлыг бууруулах, цэвэрлэх дэвшилтэт технологи бүхий эсхүл дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт эдлүүлэх,

3.4.8     Төвлөрлийг сааруулах хүрээнд алслагдсан нутагт үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих татварын хөнгөлөлт эдлүүлэх, бүс нутгийн нэмэгдэл олгохтой холбогдсон эрхзүйн орчныг бүрдүүлэх,

3.4.9     Хийн хангамжийн мастер төлөвлөгөө болон холбогдох дүрэм, журам, стандарт боловсруулж мөрдүүлэх,

3.4.10  Насжилт ихтэй автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортыг үе шаттайгаар хязгаарлах, цахилгаан болон хийгээр ажилладаг автомашины хэрэглээг нэмэгдүүлэх эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлж, хэрэгжүүлэх,

3.4.11  Агаар, ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нийцүүлэн гарах журам, аргачлал боловсруулах, шинэчлэх,

3.4.12  Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд нийцүүлэн гарах журам, аргачлал, стандартыг боловсруулах

3.5         Орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, амьдрах орчны эрүүл ахуйн зөв дадлыг төлөвшүүлэх, орчны чанарын хяналт-шинжилгээний чадавхыг бэхжүүлэн, судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлж бодит мэдээллээр хангах зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.5.1     Агаар, орчны бохирдлын эх үүсвэр, хор уршиг, сөрөг нөлөөллийн талаар олон нийтэд бодит мэдээлэл өгч, зөв дадал хэвшилд сургах, иргэний журамт үүргийг таниулахад чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах,

3.5.2     Хууль тогтоомж зөрчиж хог хаягдал, үнсийг ил задгай, зориулалтын бус газарт хаясан, шатаасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх,

3.5.3     Гэр хорооллын нутаг дэвсгэрт “Агаарын бохирдлын хяналт” мониторинг явуулах, энэ хүрээнд хуучин дугуй, ажилласан тос зэрэг хог хаягдал шатааж байгааг хянах, зорилтот бүлгийн өрхийн судалгааг нягталж гаргах ажлыг иргэний нийгмийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх,    

3.5.4     Агаар, орчны бохирдлыг бууруулахад идэвх, санаачилгатай дэмжиж ажилласан хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, хөхиүлэн дэмжих, сурталчлах ажлыг өргөжүүлэх,

3.5.5     Агаар, орчны бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх,

3.5.6     Гэр, орон байрны доторх агаарын бохирдлыг бууруулах, арилгахад чиглэсэн арга хэмжээ авах,

3.5.7     Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх өвчлөлийн дарамт, ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх урт болон богино хугацааны сөрөг нөлөөг судлах, тандах, мэдээлэх тогтолцоог сайжруулах, үйл ажиллагааг нь эрчимжүүлж тогтмолжуулах,

3.5.8     Байгаль орчны төв лаборатори болон орон нутгийн лабораторийг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн шинэчилж, бенз(а)пирен, дэгдэмхий органик нэгдэл зэрэг хорт бодис, хүнд металл тодорхойлох орчин үеийн мэдрэмж сайтай аналитик багаж, тоног төхөөрөмжөөр хангах,

3.5.9     Агаарын чанарын хяналт-шинжилгээг өргөжүүлэн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хот, суурин газарт автомат суурин харуулын тоог нэмэгдүүлж, тасралтгүй ажиллагааг хангах,Агаар, орчныг бохирдуулж байгаа эх үүсвэр, хаягдлын тооллого явуулж, бүртгэл мэдээллийн цахим санг шинэчлэн бүрдүүлэх,

3.5.10  Дуу чимээ, цахилгаан соронзон долгион зэрэг физикийн сөрөг нөлөөллийн төлөв байдлын судалгаа хийж, хяналтын тогтолцоог бий болгох.

Дөрөв. Хөтөлбөрийн үр нөлөө, шалгуур үзүүлэлт

4.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгаль ээлтэй инженерийн дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг сайжруулж, бохирдуулагч эх үүсвэрийг 80 хувиар багасган, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг нийслэлд бүрэн хориглож, агаар, орчны бохирдлыг 50-иас доошгүй хувь бууруулан, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлнэ.

4.2 Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг дараах байдлаар тогтоож, 2016 оны мэдээллийг суурь болгон авч үзнэ:

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр

Хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээ, үйл ажиллагааг дараах хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

5.1  Улсын болон орон нутгийн төсөв;

5.2  Агаарын бохирдлын төлбөрийн орлого;

5.3  Ус бохирдуулсны төлбөрийн орлого;

5.4  Олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж;

5.5  Аж ахуйн нэгж, байгууллагаас гаргах хөрөнгө;

5.6  Бусад эх үүсвэр.

Зургаа. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хэрэгжилтийг Орчны бохирдлын асуудлаарх онцгой байдлын үндэсний хороо улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, уялдуулан зохицуулах, түүний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах ажлыг хариуцна.

6.2Орчны бохирдлын асуудлаарх онцгой байдлын үндэсний хороо нь хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тайланг жил бүрийн эхний хагас жилд багтаан Засгийн газарт танилцуулж байна.

6.3Орчны бохирдлын асуудлаарх онцгой байдлын үндэсний хороо нь салбарын хэмжээнд зохион байгуулагддаг мэргэжлийн хурал, чуулганд хөтөлбөрийн явц, үр дүнгийн талаар танилцуулах, шаардлагатай тохиолдолд хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Монгол Улсын Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлнэ.