ХӨВСГӨЛ АЙМАГ “ХӨХ СУВД -2017” МӨСНИЙ БАЯРАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөвсгөл аймагт жил бүр Хаан их сарьдаг Хатан далай ээждээ хүндэтгэл үзүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Хөх сувд-2017” олон улсын мөсний баярыг Хатгал тосгоны Доод модот буланд 18 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Мөсний баярт гадаадын 70 гаруй, дотоодын 10 мянга гаруй аялагч, 2000 гаруй тээврийн хэрэгсэл оролцов.  Мөсний баярын нээлтийн арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, аймгийн Засаг дарга Л.Ганболд, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Аялал жуулчлал эрхлэгчдийн холбооны тэргүүлэгч Я.Отгонбаяр нар нээж үг хэлжээ.

Мөсний баяр нь анх 2000 онд тухайн үеийн  Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын Захиргааны дарга Ж.Төмөрсүх, байгаль хамгаалагч Д.Лхагвацогт нарын санаачилгаар Хөвсгөл нуурын “Жиглэгийн даваа”-нд нутгийн иргэдийн дунд зохион байгуулагдаж 7 морин чарга уралдаж, гар барилдаан, тэшүүрийн тэмцээн зэрэг цөөхөн арга хэмжээ болж байсан бол 2015 оноос  эхлэн олон улсынх болж цар хүрээ нь өргөжсөнөөр гадаад, дотоодын  аялагчдын тоо жил бүр нэмэгдэж байна.

Энэ удаагийн мөсний баярт Оросын холбооны улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын зөвлөх Данилов Виталий Алексеевич, Оросын холбооны улсаас Эрдэнэт хотод суугаа ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Евгений Георгович Михайлав, Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайд У Сун, Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайдын орлогч дарга Олдрич Зажик, Бүгд Найрамдах Куба улсаас Монгол улсад суугаа элчин сайд Раул Делгадо Консепсион, Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол улсад суугаа элчин сайд Станислав В.Чепурной, гадаадын 12 орны мэргэжлийн фото зурагчдын баг, орон нутгийн удирдлагууд, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон зэргэлдээх аймгууд, Хөвсгөл аймгийн 23 сум бүрийн төлөөлөл, гадаад дотоодын аялагч жуулчид хүрэлцэн ирж Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр хоёр хоног мөсөн урлалын гайхамшгийг үзэж, олон сонирхолтой уралдаан тэмцээнүүдэд оролцжээ.

Хөвсгөл нутгийн уугуул Р.Хадбаатар ахлагчтай дугуйн спортын баг тамирчид Хөвсгөл нуурыг дугуйгаар тойрч оролцдог уламжлалтай бөгөөд нийт 271 км зам туулж барианд орлоо. Энэ жилийн мөсний баярт тус багийнхнаас гадна 68 настай унадаг дугуйн олон улсын хэмжээний спротын мастер Ш.Ёндондаш Улаанбаатар хотоос 900 км замыг 7 хоногийн хугацаанд дугуйгаар туулан ирж оролцсон бөгөөд өвлийн улирал болохоор хүйтэн зам хальтиргаа гулгаа их байсан боловч сааталгүй явж Далай ээжээ зорин ирж Монгол хүний зориг тэвчээрийг харууллаа.

“Хөх сувд-2017” олон улсын мөсний баярт өмнөх жилээс шинэлэг олон арга хэмжээ нэмэгдсэн бөгөөд үүнд нохой чаргатай аялал, мөсөн дээрх хоккей, тахтай морин чарганы уралдаан, автомашины уран жолоодлого, тэшүүрийн тэмцээн, мөсний сумо бөхийн тэмцээн, мөсөн шагайн тэмцээнүүд багтсан байна. Ийнхүү    “Хөх сувд-2017”  мөсний баярыг 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ.