Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадын удирдах ажилтны салбар зөвлөгөөн болж өндөрлөлөө

Жил бүрийн эхэнд уламжлал болгон зохион байгуулдаг Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадын удирдах ажилтны салбар зөвлөгөөн энэ сарын 14-15-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

БОАЖЯ-ны ТХНУГ-ын дарга Ч.Батсансар зөвлөгөөнийг нээн хэлсэн үгэндээ “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг хэлэлцэх нь энэ удаагийн зөвлөгөөний бас нэгэн зорилго. Энэхүү хуулийг шинэчлэн найруулсанаар байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх,соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг улам боловсронгуй хэлбэрээр шийдэх юм” хэмээлээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын удирдлагуудад Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, тусгай хамгаалалтын талаар баримтлах бодлого түүний хэрэгжилтийг танилцуулах зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. Уг зөвлөгөөний хүрээнд ТХГН-ын талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны стратеги төлөвлөлт, төсөв, хөрөнгө оруулалт, ТХГН-ын менежмент төлөвлөгөө, түүний хэрэгжилт болон ТХГН-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт эцсийн байдлаар санал авжээ.  

Уг зөвлөгөөнд урилгаар БОАЖ-ын сайдын зөвлөх Ц.Шийрэвдамба,  Байгаль орчны сайд асан З.Батжаргал, Байгаль орчны гавьяат ажилтан Доржраа, доктор Намхай, , Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтнүүд, ТХГН-ын 33 хамгаалалтын захиргаадын дарга нар, тусгай хамгаалалттай газар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөлүүд оролцлоо.