Д.Оюунхорол: Хятад улсаас ирэх бүлэг жуулчдад хөнгөлөлттэй виз олгох асуудлыг судалж байна

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр тус яамны газар, хэлтсийн дарга нарын хамт хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган,ТЗУГ-ын дарга Х.Батжаргал, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад, ГЗБУНБЗГ-ын дарга Г.Нямдаваа, Сайдын зөвлөх Д.Гансүх, Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар нар оролцлоо.

БНХАУ-ын иргэдийг Монголд визгүй нэвтрүүлэх гэж байна гэх ташаа мэдээлэлд БОАЖ-ын сайд эхлээд тайлбар хийсэн юм.

Дэлхийн олон орон БНХАУ-ын жуулчдыг өөртөө татах тусгай бодлого гаргаж визийн журмаа хөнгөлсөн шийдвэрүүд шинээр гаргадаг. 2015 оны байдлаар 1.3 тэрбум хүн аялсны 120 сая нь Хятад улсын иргэд байж, нийтдээ 125 тэрбум ам.долларын орлого оруулсан статистик тоо баримтыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага гаргажээ. Монгол Улсын хувьд “утаагүй үйлдвэрлэл” хэмээгддэг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Хөрш орнуудтай хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээ, маршрутыг хөгжүүлэх” талаар тусгагдсан. Бүлэг жуулчин гэдэг бол жуулчны мэргэжлийн байгууллагуудаар дамждаг, нарийн зохион байгуулалт, хөндлөнгийн хяналт бүхий 15-30 хүнийг хэлдэг.

Тиймээс Хятад улсаас аяллын тусгай хөтөлбөртэй, хариуцах эзэнтэй, бүлэг жуулчдад хөнгөлөлттэй хэлбэрээр виз олгох асуудлыг судалж байна гэлээ. Энэ асуудлыг Хятадын жуулчдыг визгүй оруулах гэж байгаа мэтээр мушгин гуйвуулж болохгүй.Хятад иргэдийг визгүй нэвтрүүлэх асуудал яригдаагүй, цаашид ч яригдахгүй гэлээ. Бүлэг жуулчид бүх боомтуудаар бус тодорхой олон улсын боомтуудаар нэвтрэх эрхтэй байх, түүнчлэн бүлэг жуулчдыг нэвтрүүлэхдээ Монгол болон Хятадын аялал жуулчлалын эрх бүхий компаниар үйлчлүүлсэн байх, аяллын маршрут, хөтөлбөр, бүлэг жуулчдын тээврийн хэрэгслийн төрлийг урьдчилан авсан байх шаардлагыг тавих аж. БНХАУ-аас Монгол улсад аялах жуулчдын тоо 2012 оноос хойш жил бүр 10-15 хувийн бууралттай байгаа бөгөөд 2016 онд 131312 хятадын жуулчид ирсэн нь нь 2015 оноос 10,4 хувийн бууралттай байна. Статистик мэдээллээс харахад бид хятадын жуулчдыг татах бодлого барьж ажиллах шаардлагатай байгааг харуулж байна. Үүний тулд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж, өнөөг хүртэл эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байгаа эдийн засгийн чөлөөт бүсүүддээ хөрөнгө оруулалт хийх асуудал чухлаар тавигдаж байна гэв.

Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Өмнө нь манайх бүлэг жуулчдыг хүлээж авч байсан уу?

-БНХАУ-ын хувьд хөрш орнууддаа аялах эрх бүхий “Хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх”-ийг 2013 оноос нэвтрүүлсэн. Нэг удаагийн зориулалттай энэ үнэмлэхээр Хятадын жуулчид ОХУ, Мьянмар, Вьетнам, Лаос, Хойд Солонгос зэрэг улсуудад зорчих боломжтойбайдаг. Хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх манайд одоо л яригдаж байгаа асуудал биш юм. БНХАУ-ын хил орчмын аялал жуулчлалын үнэмлэхтэй жуулчдыг 2015 онд манай Замын-Үүд, Бичигт боомтоор нэвтрүүлэн өдрийн аяллыг хийж байсан. Дорноговь аймаг дахь Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор 2014 онд 5936 жуулчин аялсан бол 2015 онд13914 Хятадын жуулчид аялсан байдаг. АСЕМ-ын хурал болохтой холбоотойгоор энэ үйл ажиллагааг 2016 оны хоёрдугаар сараас зогсоосон.Өмнө байсан асуудлыг сэргээж байгаа болохоос биш шинэ асуудал биш. Манай улс 15-30 хүнтэй бол бүлэг жуулчин гэж үздэг. Бүлэг жуулчлалаар орж ирж байгаа иргэдийн хувьд визнийх нь хураамжийн асуудлыг л шийдэх гээд байгаа юм. Орж ирээд гарахдаа нэг нь л байхгүй бол бусдыг нь хилээр гаргадаггүй. Өөрөөр , 15 хүн орж ирчихээд 14 нь гарна гээд хил дээр очиход нэг хүнээ олж ир гэнэ. Ийм хатуу шаардлагатай. Ер нь бүлэг жуулчдад хатуу хяналт тавьдаг юм билээ.

-Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх сонирхолтой хэчнээн аж ахуйн нэгж байгууллага орон нутагт байна вэ?

- Одоогийн байдлаар хил орчимд үйл ажиллагаа явуулах сонирхолтой 20-30 аж ахуйн нэгж байна.

-Жуулчны бүтээгдэхүүний нэр төрөл хязгаарлагдмал байна гэж та хэллээ. Хил орчмын бүс нутагт жуулчдад үзүүлэх юм манайд байна уу. Хэрэв байгаа бол аль бүс нутагт байна вэ?

-Хил орчмын чиглэлээр орж байгаа жуулчид тухайн орон нутгийн халуун рашаан, амралтын газар амраад, аймгийн төвийн дэлгүүрээр нь ордог. Ер нь ийм л маягаар нэг юм уу хоёр өдөр аялаад буцдаг. Эрээн хотод аялал жуулчлалын хөнгөлөлтийн виз өмнө нь үйлчилж байсан. Замын-Үүдээр орж ирээд өдөртөө буцаад гардаг жуулчдыг бүлэг жуулчид гээд байгаа юм. Дорнодынхон болон Замын-Үүдийнхэн энэ чиглэлийн аялал жуучлалаа идэвхжүүлж, хөгжүүлэх хэрэгтэй байна. Бүлэг жуулчны визийг олгохгүй болсон явдал нь жуулчны тоог буурахад бодитой хэмжээгээр нөлөөлсөн гэж аймаг орон нутгийн удирдлага хэлж байсан. Тиймээс ГХЯ, манай яам хоёр энэ асуудлыг судалж байна.

-Та өмнө нь Байгаль орчны сайд хийж байсан. Одоо бас хийж байна. Байгаль орчныг хамгаалах ямар арга хэмжээ авч, бодитой шийдвэрийг гаргасан бэ?

-Монголын байгаль орчны доройтол газар авсан. Газар нутгийн 77 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн. Ажил авснаас хойш улсын хэмжээн дэх хог, усны тооллогыг явуулж байна. Одоо дүнгүүд нь нэгтгэгдэн гарна. Байгаль орчны төлөв байдлын тайлангаа УИХ-аар хэлэлцүүлж, дүгнэлт гаргана. Уул уурхайн салбарын лиценз олголт замбараагүй тарсан. Аж ахуйн нэгж бүр алт олборлож, зарим нь нөхөн сэргээлтээ хийгээгүй хаяад явсан. Ийм асуудлууд ноцтой байгаа учир нөхөн сэргээлт хийх хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, батлуулахаар ажиллаж байна. Тухайн сумын Засаг дарга өөрөө шийдвэр гаргаад нөхөн сэргээлт хийх төлбөрийг авдаг одоогийн журмыг өөрчилнө. Харин нөхөн сэргээлтийг боддог олон улсын стандарт аргачлалаар дүрэм журмаа боловсруулан, аж ахуйн нэгжүүдэд тавих шаардлагаа өндөрсгөнө. Нөгөө талаар цөлжилтөд нэрвэгдэж байгаа гол эх үүсвэрийн цаана уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл эрчимтэй явагдаж байна. Олон гол горхи мөрөн хатаж ширгэж байна. Зөвхөн зүүн аймагт явуулсан тооллогоор 200 гол горхи, мөрний 120 нь хатаж ширгэсэн байна. Байгаль уур амьсгалын өөрчлөлт маш эрчимтэй явагдаж байна.

Энэ нь хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас бус байгаль эх дэлхий өөрөө хэт их халж, дулаарч байгаагаас үүдэн энэ мэт олон асуудал гарч байна. Тиймээс бид олон улсын байгууллагын гэрээ конвенцид нэгдэх гадаадын төсөл хөтөлбөрүүдийг татан оруулах, байгаль орчны чиглэлийн хууль, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, хамгаалах, хариуцлага тооцох асуудлыг хуульчилж өгч байна. Өнөөдрийн байдлаар байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар зарим байгууллагуудтай гэрээ хэлэлцээр хийсэн. Орхон гол дээр үйл ажиллагаа явуулж байгаа 14 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дахин шалгаж байна.

-Таны гитартай зураг сошиал ертөнцөөр тархсан. Та ямар тайлбар өгөх вэ?

-Би тэр зургийг гаргаж тавихад их гайхсан. Тэр өрөө Төрийн ордны өрөө ч биш, яамны албан өрөө ч биш. Би сонгуулийн өмнө охиныхоо сургууль дээр амралтынхаа цагаар очсон үеийн зураг байсан. Би гитар тоглох ч дуртай, ядарсан үедээ тоглоход стресс тайлагддаг. Би архи, дарс хэрэглэдэггүй. Зураг дарах хэрэггүй гээд гараараа хааж байгааг дарчихсан байх. Тэр зургийг тараасан хүнийг би мэдэж байгаа. Тэр хүнд хүн чанарын хэлтэрхий гэж байна уу даа гэж бодоход хүргэж байна.

-Бог малын халдварт өвчин мялзангийн улмаас Монгол бөхөн их хэмжээгээр хорогдож байна. Өвчлөлийг газар авахуулахгүй байхад ямар арга хэмжээ авч байна вэ?

-ОБЕГ, БОАЖЯ-ны хамтарсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна. Өнгөрсөн оны тооллогоор 11-14 мянган бөхөн байдаг гэж тоологдсон. Өвчин гарснаас хойш 3000 гаруй бөхөн хорогдоод байна. Олон улсын байгууллагаас шинжээчид ирж аймаг орон нутагт ажиллаж байна. Бүх бөхөнг вакцинжуулна гэдэг боломжгүй. Аль болох хязгаарлалтын бүс тогтоож, пост ажиллуулж байна. Ажлын хэсэг өнөөдрийн байдлаар газар дээр нь ажиллаж байгаа.Янгир, аргал зэрэг зэрлэг амьтдад мялзан халдварласан тохиолдол байхгүй. Говь-Алтай аймгийн Дарви, Хөх морьт, Шарга сумд болон Ховд аймгийн Чандмань, Дарви сумдад ажлын хэсэг ажиллаж байгаа. БОАЖЯ-ны байгаль хамгаалагчид, МХЕГ, ОБЕГ, орон нутгийн иргэд байгаль хамгаалагчид гээд нэг аймагт 160 гаруй хүн ажиллаж байна. Халдварыг тархаахгүй байх талд анхаарч байнгын харуул, хяналтын пост ажиллуулж байна. Засгийн газраас үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр санхүүг нь баталж өгсөн. Санхүүжилтийг хүлээлгүйгээр орон нутгийнхан гэрээ байгуулан шаардлагатай зүйлсээ өөрсдөө нөөц бололцооноосоо хангаж ажилласан. Ажлын хэсгийнхэн очих үеэр санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдсэн.

-Засгийн газар “Алт2” хөтөлбөрийг баталсан. Хавар болохтой зэрэгцэн хөтөлбөрт хамрагдаж алт олборлох сонирхол аж ахуйн нэгжүүд байгаа байх. Урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ?

-Засгийн газраас “Алт2” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөр хэрэгжихтэй зэрэгцэн аж ахуйн нэгжүүд тодорхой талбайд, лиценз авч үйл ажиллагаа явуулах байх. Бидний тавих хамгийн эхний шаардлага нэгдүгээрт, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой, хоёрдугаарт, нөхөн сэргээлтийн зардлаа 100 хувь байршуулаад үйл ажиллагаагаа явуулах боломж бололцоог хангаж өгөх шаардлагатай гэж үзэж байгаа. Хамт яригдах хамгийн гол асуудал нь хариуцлагатай уул уурхайг эрхлэх асуудлыг хуулийн хүрээнд тавьж шаардах болно.