Ус чийг, намгархаг газрын дэлхий өдөр тохиолоо

Рамсарын конвенцийг баталсан хоёрдугаар сарын 2-ны өдрийг 1997 оноос хойш “Ус намгархаг газрын дэлхий өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтсон. Энэ жил дэлхий даяар тус өдрийг “Ус намгархаг газар нь гамшигийн эрсдлийг бууруулдаг” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж 1000 гаруй арга хэмжээг зохион байгуулж байна. БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс Рамсарын конвенц, түүний хавсралтад Монгол Улсаас бүртгэгдсэн 11 нуурыг өртөөчилсөн байдлаар сурталчлан таниулах, Зүүн Ази, Австралазийн шувуудын нүүдлийн замын түншлэл болон хүлэрт намгийн тухай ойлголтыг өгөх, энэ жил дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж буй “Ус намгархаг газар нь гамшгийн эрсдэлийг бууруулдаг” сэдвийн утга агуулга, ач холбогдлыг ойлгуулахзорилгоор нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. 

   

Өдөрлөгийн арга хэмжээнд БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны дарга Б.Ерөөлт, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг болон холбогдох мэргэжилтнүүд, Монголын шувуу судлалын нийгэмлэгийн захирал С.Гомбобаатар, доктор Д.Энэбиш нар урилгаар оролцлоо.

Мөн өдөрлөгийн арга хэмжээг сонирхохоор Газарзүй геоэкологийн хүрээлэн, Өгий нуурын мэдээлэл сургалтын төв, WWF-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Сэлбэ голын сав газар, Увс нуурын ай сав, Ус цаг уурын хүрээлэнгийн төлөөллүүд болон МУИС, Эко-Ази, ШУТИС-ийн оюутнууд хүрэлцэн ирж санал бодлоо солилцлоо.

Тус өдөрлөгийн хүрээнд ус намгархаг газар, усны экосистем болон нүүдлийн шувуудтай холбоотой цаг үеийн тулгамдсан асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан мэдээлэл солилцсон үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.