Олон улсын экологийн зуны сургалтыг 9 дэхь жилдээ амжилттай зохион байгууллаа

ОХУ, Монголын Увс аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулийн “Байгаль хамгаалах” эко клубын үйл ажиллагааг идэвхижүүлж, тогворжуулах, нийт ард иргэд, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, экологийн боловсрол олгох зорилгоор Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгорын дархан цаазат газрын захиргаа хамтран экологийн зуслан сургалтыг 9 дэхь жилдээ амжилттай зохион байгууллаа. Сургалт наймдугаар сарын 03-наас 10-ныг хүртэл Увс аймагт болсон юм. Сургалтанд Хамгаалалтын захиргааны 1 мэргэжилтэн, Орчуулагч-1 байгаль хамгаалах эко клубын 50 гаруй сурагчид хамрагдлаа. Сургалтанд ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгорын Дархан цаазат газрын Экологийн боловсрол, аялал жуулчлалын хэлтсийн дарга Кончук Алла Чыдам-Ооловна, Экологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Монгуш Долаана Мартовна, ОХУ-ын Тувагийн Сут-Холь хошууны Ак-Даш тосгоны сургуулийн Бага ангийн багш, Орлогч захирал Санчай Чочагай Сатовна, Математик, физикийн багш Ооржак Римма Кокуй-Ооловна, ОХУ-ын Тувад жил бүр зохион байгуулагддаг “Снежний барс” олон улсын фестивальд амжилттай оролцож түрүүлсэн 11 сурагчийн хамтаар оролцлоо. Мөн Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Орчны бүсийн сумуудын суруулийн эко клубын багш, сурагчид хамрагдлаа.

Аялал сургалт нь Кызыл-Цагаан толгой-Билүү-Алтан бургас-Өндөрхангай-Хяргас нуур-Улаангом-Хархираа амралт-Улаангом-Увс нуур гэсэн маршрутын дагуу 7 хоног аялаж, сургалт семинарт нийт 100 гаруй хүүхдүүдийг хамрагдаж, нийт 1000 гаруй км аяллаа. Уг сургалтыг зохион байгуулснаар байгаль хамгаалах эко клубын сурагчид байгаль дэлхийгээ өөрийн нүдээр харж, танин мэдэж, амарч, аялаж, найз нөхөдтэй болж хамтран туршлага солилцдог болсон нь давуу тал болж байна. Мөн хүүхдүүд Хил дамнасан ДЦГ-уудаар аялаж, байгаль орчны талаар маш өргөн мэдлэг, мэдээлэлтэй болж байгаагаараа өвөрмөц онцлогтой юм.

Олон улсын зуны экологийн сургалтанд хамрагдсан багш, сурагчдадаа амжилт хүсье. Сургалтыг хамтран зохион байгуулсан Монголын Ирвэс төвийн захирал, ШУА-ийн Биологийн ухааны доктор, дэд профессор Б. Мөнхцог, Увс аймгийн эко клубын багш нар, ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгорын захиргааны мэргэжилтэн дарга нартаа баярласан талархсанаа илэрхийлье.

Экологийн зуны сургалтанд жил бүр санхүүгийн дэмжлэг үзүүлж байдаг Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олондоо үргэлж талархаж байгаагаа нийт эко клубын сурагчдын өмнөөс илэрхийлье.

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа