ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар 263

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хог хаягдлын тухай хуулийн 21.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Хог хаягдлыг бууруулах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчилж, урамшуулал олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                   Ч.САЙХАНБИЛЭГ

Байгаль орчин, ногоон хөгжил,

аялал  жуулчлалын сайд                                                         Д.ОЮУНХОРОЛ

ХОГ ХАЯГДЛЫГ БУУРУУЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ХАДГАЛАХ,
ДАХИН БОЛОВСРУУЛАХ, ЭРГҮҮЛЭН АШИГЛАХ, УСТГАХ ҮЙЛ
АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН БОЛОН ХАЯГДАЛГҮЙ ТЕХНОЛОГИ
НЭВТРҮҮЛСЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ
СУРТАЛЧИЛЖ, УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Үйлдвэрлэл, үйлчилгээндээ хаягдалгүй техник, технологи нэвтрүүлж, хог хаягдлаа бууруулсан болон хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчилж, урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад  энэхүү журмын зорилго оршино.

 

Хоёр. Урамшуулал олгох үйл ажиллагааны чиглэл

2.1. Дараах үйл ажиллагаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжид урамшуулал олгоно:

2.1.1. хог хаягдлыг бууруулах;

2.1.2. хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх;

2.1.3. хог хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах;

2.1.4. хог хаягдлыг байгальд ээлтэйгээр устгах;

2.1.5. хог хаягдал ашиглан эрчим хүч, дулаан үйлдвэрлэх.

 

Гурав. Урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж,
          байгууллагад тавих шаардлага

3.1. Урамшуулалд хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага дараах шаардлагыг хангасан байна:

3.1.1. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан байх;

3.1.2. татварын өр төлбөргүй байх;

3.1.3. хог хаягдлын анхан шатны болон нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлж, холбогдох мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж хүргүүлдэг байх;

3.1.4. төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байх;

3.1.5. энэ журмын 2-т заасан үйл ажиллагаа нь тодорхой үр дүнд хүрснийг нотолсон байх;

3.1.6. хог хаягдлыг түүхий эдийн нөөц хэлбэрээр ашигладаг байх;

3.1.7. үйл ажиллагаандаа зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж ашигладаг байх.

3.2. Урамшуулалд хамрагдах иргэн дараах шаардлагыг хангасан байна:

3.2.1. төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байх;

3.2.2. энэ журмын 2-т заасан үйл ажиллагаа нь тодорхой үр дүнд хүрснийг нотолсон байх.

 

Дөрөв. Урамшуулал олгох

4.1. Сум, дүүргийн Засаг дарга нь энэ журмын 2-т заасан үйл ажиллагаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийн талаар санал боловсруулж, жил бүр тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлнэ. Уг хөрөнгийг Хог хаягдлын тухай хуулийн 20.2-т заасан хог хаягдлын үйлчилгээний хураамжаас төвлөрсөн хөрөнгөөс санхүүжүүлнэ.

4.2. Сум, дүүргийн Засаг дарга нь тухайн жил урамшуулалд хамрагдахаар нэр дэвшсэн, энэ журмын 2, 3-т заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дараа оны I улиралд багтаан сонгон шалгаруулна.

4.3. Сонгон шалгаруулалтад оролцох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн жилийн IҮ улиралд багтаан дараах баримт бичгийг сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ:

4.3.1. урамшуулалд хамрагдах тухай хүсэлт (аж ауйн нэгж, байгууллага албан бичиг, иргэн өргөдөл гаргах бөгөөд урамшуулалд хамрагдах шаардлагыг хэрхэн хангасан болон үйл ажиллагааны үр дүнгийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй тусгаж, холбогдох баримтыг хавсаргасан байна);

4.3.2. аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар;

4.3.3. төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ;

4.3.4. харьяалах сум, дүүргийн татварын албаны тодорхойлолт (аж ахуйн нэгж, байгууллагад хамаарна);

4.3.5. цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй танилцуулга.

4.4. Сум, дүүргийн Засаг дарга нь сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад батламж мөнгөн урамшууллын хамт олгож, энэ тухай ажлын 5 хоногт багтаан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж сурталчилна.

4.5. Сум, дүүргийн Засаг дарга нь шалгарсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон урамшууллын тайланг холбогдох баримт бичгийн хуулбарын хамт тухайн жилийн II улиралд багтаан холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга болон Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.