НҮҮДЭЛЛЭДЭГ ЗЭРЛЭГ АМЬТДЫГ ХАМГААЛАХАД МОНГОЛ УЛС ИДЭВХТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Бүгд Найрамдах Эквадор Улсын нийслэл Кито хотод болсон Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай Конвенцийн Талуудын Бага хурлын 11 дүгээр хуралдаанд Конвенцийн Үндэсний зохицуулагч бөгөөд БОНХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д. Батболд оролцоод иржээ. Түүнтэй уулзаж ярилцав.

 

Яриагаа конвенцийн талаархи ерөнхий асуултаас эхлэе. Энэ конвенцийн гол зорилго юу вэ?

Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйл нүүдэллэх үедээ агнуурт ихээр өртөх, идэш тэжээлийн хомсдолд орох, нүүдлийн зам дагуух үржлийн газар нутаг нь алдагдах зэрэг янз бүрийн аюултай тулгардаг. Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлүүдийг хамгаалахад олон улсын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байсан учраас 1979 онд Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай Конвенцийг баталсан, 1983 оны 11-р сарын 1-нд албан ёсоор хүчин төгөлдөр болсон. Анх байгуулагдсан газрын нэрээр “Бонны Конвенц” гэж нэрлэгддэг. Одоогоор 120 улс орон энэхүү Конвенцид нэгдэн ороод байна.

Конвенцид нэгдэн орсон талуудын гол хүлээх үүрэг нь юу вэ?

Конвенцийн хүрээнд нэгдэн орсон талууд өөрийн улсын нутаг дэвсгэрт амьдардаг, мөн дайран өнгөрдөг шувууд, далай тэнгисийн болон хуурай газрын сээр нуруутан зүйлүүдийг амьдрах орчных нь хүрээнд хамгаалах үүрэгтэй.

Конвенцийн хүрээнд Монгол Улс хэр зэрэг идэвхтэй ажилладаг орон бэ?

Манай улс 1999 онд нэгдэн орсоноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, “Бөхөн хамгаалах тухай” Санамж бичигт нэгдэн орсон улс орнуудын 2 дугаар уулзалтыг эх орондоо зохион байгуулсан, нүүдлийн зүйлүүдийг хамгаалах үйл ажиллагааг амьдрах орчныг нь хамгаалах, нүүдлийн шувуудыг бөгжлөх, мониторинг хийх, судалгаа шинжилгээний төрөл бүрийн арга хэмжээг хэрэгжүүлэх, нүүдлийн зүйлүүдийг хамгаалах чиглэлийн олон улсын гэрээ, хэлэлцээрт хамрагдах зэргээр идэвхтэй ажиллаж байна. Үүнээс гадна конвенцид нэгдэн орсноос хойш хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа Монгол Улс боловсруулан гаргасан цөөн орны нэг нь.

Энэ удаагийн Талуудын Бага хурлын 11 дүгээр хуралдаанаар Азийн бүсийг төлөөлж Монгол улс Конвенцийн Байнгын хорооны гишүүнээр, та Байнгын хорооны орлогч даргаар сонгогдсон сураг байсан?

Тиймээ, үнэн. Өмнөх Талуудын Бага хурлын өмнөх 10 дугаар хуралдаанаар Байнгын хорооны орлох гишүүнээр Монгол улс сонгогдон ажиллаж байсан бол энэ удаа жинхэллээ. Дэлхий нийтэд манай улстай холбоо бүхий олон санал, санаачлага гарч байгаа учраас улсынхаа сонирхлыг хамгаалах зүй ёсны хэрэг гэж үзсэн учраас Байнгын хороонд сонгогдох чиглэл барьж ажилласан маань үр дүнд хүрч Азийн бүсээс 2 улс төлөөлөл болох ёстойн нэг нь Монгол Улс маань боллоо. Үүнээс гадна Талуудын бага хурлын албан ёсны хуралдааны дараа болсон Байнгын хорооны 43 дугаар хуралдааны үеэр бүсийн гишүүдийн санаачлагаар Байнгын хорооны орлогч даргаар сонгогдсон. Ирэх 3 жилийн хугацаанд Байнгын хорооны орлогч даргаар ажиллах бөгөөд жилд нэг удаа болдог Байнгын хорооны хуралдаанд оролцож Конвенцийн хуралдаан хоорондын хугацаанд гарч ирэх асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох, Хорооны даргын эзгүйд орлох, хуралдааныг даргалах үндсэн үүрэг хүлээлээ. Далимд нь нэг мэдээлэл хэлэхэд, Конвенцийн даргаар Эквадорын Байгаль орчны сайд, хатагтай Лорена Тапиог сонгосон. Хатагтай Лорена Тапио Эквадор Улс Үндсэн хуулиндаа Байгаль орчны эрхийг тусгаж өгсөн анхны орон болсон тухайгаа бидэнд бахархалтайгаар мэдээлж байсан.

Зургийн тайлбар: Конвенцийн Талуудын бага хурлын 11 дүгээр хуралдааны нээлтийн ажиллагаа

Танд баяр хүргэж, ажлын амжилт хүсье! Энэ удаагийн хуралдаанаар шийдвэрлэсэн гол асуудал юу вэ?

Конвенцийн ирэх жилүүдэд баримтлах ерөнхий зарчим бол Ногоон эдийн засаг, байгаль хамгаалал хоёрыг зөв хослуулах, үүнд нүүдэллэдэг зүйлүүдийг хамгаалах ажил онцгой ач холбогдолтой байх юм гэдгийг тодорхойлсон. Ийм үед манай яам Ногоон хөгжлийн бодлогоо УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэхээр зорьж буй нь маш цаг үеэ олсон бодлого, шийдвэр юм. Сонирхуулж хэлэхэд, хуралдааны өмнө Конвенцид нэгдэн орсон Талуудын өндөр хэмжээний төлөөлөгчдийн оролцоотой уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалтыг Францын алдарт эрдэмтэн, усан доогуур шумбагч төхөөрөмжийг зохион бүтээж үүнийхээ ачаар өөрөө далай тэнгисийн ургамал, амьтныг судлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Жак Кустогийн ач хүү Филип Кусто хөтлөж, Эквадор Улсын Байгаль орчны сайд, хатагтай Лорена Тапио “Байгаль орчны эрх ба ногоон эдийн засгийн уялдаа холбоо буюу Зэрлэг амьтан ба ургамлын зүйлийг хамгаалах арга замыг нь олох нь” сэдвийн дор үйл ажиллагааг удирдсан нь маш ач холбогдолтой болсон. Хуралдааны нээлтийн үеэр “Акулын довтолгоонд өртөөд амьд үлдсэн хүмүүсийн Акулыг хамгаалах бүлэг” –ийг санаачлагч, өөрөө акулын довтолгоонд өртөж өрөөсөн хөлөө алдсан боловч усан спортоор шургуу хичээллэсний дүнд 2012 оны Лондоны Паралимпийн хүрэл медалийг усанд сэлэлтээр хүртсэн Өмнөд Африкийн иргэн Ахмат Хассейм, далайд хөвөгч хаалт саадын тусламжтайгаар далай тэнгисийг пластик хог хаягдлаас цэвэрлэх ажлыг санаачлагч Нидерландын иргэн Бояан Слат нар өөрсдийн амьдрал ахуй, санаачлагын талаар тодорхой танилцуулсан нь сонирхолтой шийдэл байлаа. Эдгээр хүмүүс өөрсдийн санаачлагад тулгуурлан нүүдэллэдэг амьтдыг хамгаалах үйл ажиллагааг идэвхитэй дэмжихийг уриалж байлаа.

Үнэхээр сонирхолтой юм. Хуралдаанаас гарсан манай улстай холбоотой шийдвэрүүд гарав уу?

Конвенцийн тогтоол, шийдвэр зэрэг хэлбэрээр манайд хамаатай олон асуудал шийдвэрлэгдлээ. Манай улс санаачилж Хонин тоодог шувууг Конвенцийн 1 дүгээр хавсралтад орууллаа. Идлэг шонхорын асуудлаарх Даян дэлхийн Үйл ажиллагааны төлөвлөгөө, Аргал угалз хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, Төв Азийн Хөхтөний асуудлаарх Санаачлага дэд бүтцийг нүүдлийн зэрлэг амьтанд ээлтэй байдлаар барьж байгуулах зөвлөмж гаргалаа. Мөн Монголын төлөөлөл маш их цаг хугацаа зарцуулж Конвенцийн Санхүүгийн хороонд Азийн бүсийг төлөөлж ажилласан. Манай сонирхлыг хамгаалах асуудлаар санхүүжилттэй байх асуудалд анхаарлаа хандуулж олон удаа үг хэлсэн шүү. Энэ нь Төв Азийн хөхтөн амьтны асуудлаарх санаачлагыг дэмжих, үүнийг хариуцаж ажиллах ажилтны төсөвтэй холбоотой асуудал л даа. Ихээхэн хүнд яриа хэлэлцээний дараа Конвенцийн ирэх 3 жилийн хугацаанд тухайн ажилтныг Конвенцийн үндсэн төсөвт багтааж 50 хувиар санхүүжүүлэх тохиролцоонд хүрч чадлаа. Бас нэг амжилт бол Конвенцийн хуралдаан хоорондын хугацаанд манай улсыг Санхүүгийн дэд хороонд орж ажиллахыг санал болгосныг зөвшөөрч Конвенцийн Санхүүгийн дэд хороонд Азийн бүсийг төлөөлж ажиллахаар болсон.

 

Ямар учраас манай улс Хонин тоодог шувууг Конвенцийн 1 дүгээр хавсралтад хамруулах санаачилга гаргав?

Хонин тоодог шувуу нь нисдэг шувуудаас хамгийн хүнд жин татдаг, Зүүн Азийн буюу ОХУ, БНХАУ, Монгол Улсын нутаг дэвсгэрт 2000 орчим тоо толгойтой үлдсэн, Төв Азийн тухайд 300 орчим тоологдсон байна. Энэ зүйл шувууны үржил маш удаан явагддаг, эм шувуу үр төл өгөх чадвартай болох хугацаа 10 жил байдаг нь онцгой хатуу хамгаалалт шаардлагатайг харуулж байна. Өмнө нь энэ зүйл шувуу Конвенцийн 2 дугаар хавсралтад орсон байсан. 1-р хавсралтад оруулах санаачилга гаргасан нь олон улсын хамтын ажиллагааг дэмжих, устах аюулд орсон амьтныг хамгаалах үйл ажиллагааг илүү эрчимжүүлэхэд чиглэсэн юм. Хуралдааны өмнө гаргасан саналаа дэмжүүлэхийн тулд уг зүйлийн тархац нутаг бүхий 30 орчим улс орнуудад захидал бичиж, хуралдааны үеэр тэдгээр орны төлөөлөгчидтэй тухайлбал, Испани, Португал, Пакистан, Молдов, Армен болон Төв Азийн төлөөлөлтэй уулзаж дэмжлэг эрэлхийлсэн. Үүнээс гадна Хонин тоодог Otis tarda –ийн өнөөгийн хамгаалалтын байдал, учирч байгаа аюул занал зэрэг асуудлаар Бүгдийн хорооны хуралдаанд танилцуулав. Манай саналыг дэмжиж Пакистан, Киргизстан, Европын холбоо, Украйн болон Байгаль хамгаалах Олон улсын холбооны Хонин тоодгийн асуудлаарх бүлгээс үг хэлсэн.  Ингээд Бүгдийн Хорооны хуралдаанаас манай саналыг 100 хувь дэмжиж Нэгдсэн хуралдаанд оруулж, тэндээс ч дэмжлэг авлаа.

Нэгэнт энэ асуудал баталагдсан учраас Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газар, Байгаль хамгаалах Олон улсын холбооны Хонин тоодгийн асуудлаарх бүлэгтэй санал солилцож Нарийн бичгийн дарга нарын газраас эхний ээлжинд олон улсын хурал зохион байгуулах чиглэлээр хөрөнгө босгох ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр боллоо.

Тэгвэл Төв Азийн хөхтөн амьтны асуудлаарх Санаачлагыг дэмжүүлэх чиглэлээр хэрхэн ажилласан талаархи мэдээлэл сонирхол их татаж байна?

Төв Азийн нүүдэллэдэг хөхтөн амьтдыг хамгаалах шүхэр санаачлагыг манай улс Төв Азийн улс орнуудтай хамтран гаргаж байгаа юм. Ингэснээр манай улсад тархсан нүүдэллэдэг хөхтөн амьтад болох Аргал угалз, Цагаан зээр, Хар сүүлтий, Ирвэс, Хавтгай тэмээ, Бөхөн зэрэг том хөхтөн амьтны хамгаалал, зохистой ашиглалтын асуудлыг олон улсын тавцан дээр гаргаж ирэхэд илүү дөхөмтэй болно. Энэ санаачлагын хүрээнд дэд бүтцийг зэрлэг амьтанд ээлтэй байдлаар барьж байгуулах зөвлөмжийг Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг боловсруулан гаргасныг Конвенцийн Талуудын Бага хуралд оруулсан. Энэ асуудалтай холбоотой Конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран зэрэгцээ үйл ажиллагаа зохион байгуулж, Дэд бүтцийн барилга байгууламж нүүдэллэдэг зүйлийн хөхтөн амьтдад сөргөөр нөлөөлж болзошгүй байдал, үүнээс зайлсхийх чиглэлээр манай улсад хийж байгаа үйл ажиллагааны талаар илтгэл тавилаа. Үр дүн нь дараа дараагийн идэвхтэй хамтын ажиллагаагаар илүү бодитой үнэлэгдэх болно.

Зургийн тайлбар: Д.Батболд хөндлөнгийн үйл ажиллагаанд илтгэл тавьж оролцсон олон улсын төлөөлөгчдийн хамт

Конвенцийн Талуудын Бага хурлын 12 дугаар хуралдааныг арай Монгол Улсдаа хийх юм биш биз?

Энэ удаагийнх арай үгүй, Филиппин улсад зохион байгуулахаар тохирсон. Конвенцийг хэрэгжүүлэхэд Монгол Улс идэвхтэй ажилладаг, Конвенцийн ирэх жилүүдэд тавьсан зорилго буюу Ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр чармайлт тавьж байгаа орны хувьд дараа дараагийн хуралдааныг эх орондоо зохион байгуулах цаг хугацаа тийм ч хол биш байна гэж харж байна.

  

Ярилцсан Ч.Базар