Н.Цэвэг-Очир: Цэвэрлэх байгууламжийг Франц компанитай хамтран шинэчилнэ

Ус сувгийн удирдах газрын харьяа Усны төв лабораторийн эрхлэгч Н.Цэвэг-Очиртой ярилцлаа.
 
-Танай лаборатори ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээсээ сонирхуулахгүй юу?

-Улаанбаатарын усны төв лаборатори нь үндсэн хоёр чиглэлээр ажиллаж байна.  Нийслэлийн хүн амын ундны усны  чанарыг тодорхойлох, мөн үйлдвэр аж ахуйн нэгжээс гарч цэвэрлэх байгууламжаар дамжиж байгаа усанд хяналт тавин ажилладаг. Бид 2000 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Саяхан итгэмж­лэлийн шалгалтад орж тэнцсэн. Цаашид усны хяналтын ажлаа гүйцэтгэнэ.

-Ундны усыг хэрхэн шинжилдэг вэ?

-Манайх ундны усны 20-25 газар, бохир усны 15-20 газраас дээж авч хими, бактерлогийн шинжилгээ хийж байна.  Дээжинд 4-5 төрлийн судалгаа шинжилгээ явуулж хүн амын ундны усны чанарт хяналт тавьдаг.

-Туул голын лагийг яах вэ. Энэ асуудлаар танай дээр ямар мэдээлэл байгаа вэ?

-Цэвэрлэх байгууламжийн ачаа­лал нэмэгдэж байна.  Дий­лэх­гүй туйлдаж байна.  Туул го­лын дор тунасан лагийг цэ­вэр­лэх л шаардлагатай.  Мөн Туул голын ус сүүлийн үед маш их нийлэгжиж байгаа нь цэвэрлэх байгууламжид ачаал­лаа дийлэхгүй байгааг харуулж байгаа юм.  Гэхдээ төв цэвэрлэх байгууламжид шинэчлэл хийг­дэж байгаа.

-Төв цэвэрлэх байгуу­ламжид яг ямар шинэчлэл хийгдэж байгаа юм бол?

-2000-2005 онуудад Испа­нийн Засгийн газрын бу­цалт­гүй тусламжаар цэвэр­лэх байгууламжид олон ши­нэч­лэлийн ажил хийсэн байдаг.  Байгууллагын хөрөнгөөр ч насосны төхөөрөмжүүд суул­гасан байгаа.  Харин хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, бүрэн шинэчлэх ажил нийслэл дээр яригдаж байна.  Миний сонс­соноор  Европдоо цэвэрлэх байгууламжийн чиглэлээр тэргүүлдэг Францын нэг компанитай энэ талаар хамтран ажиллах юм гэсэн. Тэр их зөв санаа байна билээ.

-Цэвэрлэх байгууламжаас гадна манай нийслэлийн ундны  усыг бохирдуулдаг ямар их үүсвэр байна вэ?

-Ганцхан цэвэрлэх байгуу­ламж гэлтгүйгээр ундны ус­ны ойролцоох газар нутгаа хамгаалж байх хэрэгтэй.  Ядаж л 500 метрээс дээш зайд айлууд барилга байгууламжаа барьмаар байна. Хотжилт нэмэгдсэнээр сав газраа хамгаалж чадахгүй байна. Нийслэлд ус нийлүүлж, дамжуулдаг 900 цэг байдгаас 300 нь орон сууцны ус дулаан дамжуулах газар орно. Бид сар бүр орон сууцны ЦТП-ээс усны дээж авч шинжилдэг.

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ундандаа гадаргын усаа хэрэглэдэг. Харин бид гүний усаа хэрэглэсээр байна. Энэ нь мөн л ундны усыг хомсдолд оруулаад байна уу даа?

-Тийм тал бий. Уг нь гадаргын ус хэрэглэх нь хамгийн зөв шийдэл юм.  Манай улс усны нөөцөөр тийм ч баялаг орон биш.  Дэлхийн 145 орны 121-д орж байна. Цаашид гүний  биш гадаргын усыг хэрэглэх хэрэгтэй.  Бид энэ тал дээр бодлого баримталж ажиллана. Тэрэлж орчимд усан сан байгуулж байна.  Түүнээсээ ундны усаа хэрэглэх талаар ажиллана. 

-Гэр хорооллын айлууд яг цэвэр ус ашиглаж чадаж байна уу. Та бүхэн үүн дээр хяналт тавьдаг биз дээ?

-Тийм ээ. Одоо нийслэлд 600 орчим худаг байна. Хүн амын өсөлтөө дагаад худгийн тоо ч нэмэгдэж байна. Гэр хорооллын усны аюулгүй байдалд бид хяналт тавьж байна.  Дээжийг нь  тодорхой давтамжтайгаар авч шинжилдэг. Одоогоор ямар нэгэн зөрчилтэй зүйл гараагүй байна.

Т.БАТСАЙХАН