| Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтууд |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Yндэсний хөгжлийн цогц бодлого, 2008 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцсон МАХН болон Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, эдгээр намуудын Улсын Их Хурлын сонгуулийн дараа байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, бусад намуудын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зарим зорилт, төрийн бус байгууллагын санал, олон улсын байгууллагатай хийсэн баримт бичгүүдийг үндэслэн 2008-2012 онуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлж байна.
Өмнөх Засгийн газар нь нийгмийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх, төрийн албыг чадваржуулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, хувийн хэвшлийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, хөгжлийг бататгах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдэж, цааш үргэлжлүүлэн хийж бүтээх суурийг нь тавьж өгсөн юм. Шинэ Засгийн газар өмнөх Засгийн газруудын үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж, 2008-2012 оны үйл ажиллагааныхаа чиглэлд тусгасан болно. Дэлхийн санхүүгийн хямралын улмаас Монгол Улсын эдийн засаг, санхүүд нөлөөлж буй хүндрэлийг даван туулах онцгой нөхцөлд Засгийн газрын зорилт нь эрдэс түүхий эдийн нөөцөд тулгуурлан улс орныхоо эдийн засаг, нийгмийн хурдацтай хөгжлийн боломжийг цаг алдалгүй бүрэн ашиглахыг чармайж, Монгол Улс, монгол хүний хөгжлийг хангахуйц чадавхи бүрдүүлэн иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулж, төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй байдлыг хангаж, бүх шатны төр, засгийн байгууллагын нэр хүндийг дээшлүүлж, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад оршино. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь дараахь үндсэн зорилтыг хэрэгжүүлнэ: ашигт малтмалын салбарын хөгжлийг түргэтгэжэрх зүйн орчныг шинэчлэх, ашигт малтмалын стратегийн болон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг бодитойгоор хэрэгжүүлж, түүнээс олсон орлогоос иргэдэд хүртээх; Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, уул уурхайн салбарт түшиглэсэн үйлдвэрлэл, орон нутгийн түүхий эдэд тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх; мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнээр, тухайлбал, мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоогоор хүн амын хүнсний хэрэгцээг бүрэн хангах; иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд онцгой анхаарах; төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж, төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх.
Экосистемийн тэнцвэрт байдлыг хангахуйц байгалийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх цогц бодлогыг хэрэгжүүлэн хөгжлийн тогтвортой орчныг бий болгох, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын цогц бодлого хэрэгжүүлнэ.
3.1.Байгалийн тэтгэх даац, чадавхийн хүрээнд нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, экологид халгүй цэвэр технологийг дэмжих бодлогыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд баталгаажуулна. 3.2.Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, нүүрсийг боловсруулах, гэр хорооллыг орон сууцжуулахад зориулж инженерийн байгууламжийг өргөтгөх, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг шинэчилж хийн түлшинд шилжүүлэх замаар Улаанбаатар болон бусад хотуудын агаарын бохирдлыг бууруулна. 3.3.Хот, суурин газрууд дахь агаар, ус, хөрсний бохирдлыг багасгаж, иргэдийн ажиллаж, амьдрах эрүүл орчныг бүрдүүлнэ. 3.4.Хот, суурин газруудад хог хаягдлын шинэ менежментийг нэвтрүүлж, хог боловсруулах үйлдвэр байгуулна. 3.5.Усны талаархи төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, гол мөрний урсацад тохируулга хийх, хуримтлагдсан усны нөөцийг шилжүүлэн ашиглах дэд бүтцийг байгуулна. 3.6.Говь, хээрийн болон цөлжилт ихээр явагдаж байгаа бүсүүдэд унаган ургамлыг тарималжуулах, хур тунадас нэмэгдүүлэх, ус хуримтлуулах, хиймэл нуур, цөөрөм байгуулах замаар экосистемийн тэнцвэрт байдлыг хангах арга хэмжээ авч, “Ус” хөтөлбөр хэрэгжүүлнэ. 3.7.Говь, хээрийн бүсийн бэлчээрийг усжуулах зориулалтаар баг бүрт нар, салхины эрчим хүчээр ажиллах тус бүр нэг худаг гаргана. 3.8.Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх гадаад, дотоод санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. 3.9.Хөрс хамгаалах эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, Хөрсний тухай хууль гаргаж хэрэгжүүлнэ. 3.10.Алтны бага нөөцтэй шороон орд болон усны хагалбар, голын ай сав газар, ойн сан, говийн баян бүрд, байгалийн онцгой тогтоц бүхий газрууд, түүний хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, олборлохыг хориглох, байгаль орчин, хүний эрүүл мэндэд халтай арга технологиор уул уурхайн үйлдвэрлэл явуулахыг бүрэн зогсооно. 3.11.Байгаль орчныг нөхөн сэргээх баталгаагүй бол эдийн засгийн ямар ч ашигтай хөтөлбөр төслөөс татгалзана. 3.12.Хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримтлан уул уурхай, орд ашиглалтын хяналт, шинжилгээний хөтөлбөр, байгаль хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө, даалгавар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төлөлт зэрэг мэдээллийн улсын сан бүрдүүлж, түүнийг нийтэд ил тод, хүртээмжтэй байлгана. 3.13.Ашигт малтмалын орд газрын хайгуул, ашиглалтын зөвшөөрөл олгоход байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг тодорхой шалгуурын дагуу сонгон шалгаруулсан мэргэжлийн байгууллагаар хийлгэж, түүнийг үндэслэн шийдвэр гаргах журамд шилжинэ. 3.14.Монгол орны экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад онцгой ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлнэ. 3.15.Ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх тогтвортой менежментийг бий болгож, мод орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, модны хэрэглээг импортоор хангах санаачилгыг дэмжинэ. 3.16.Амьтан, ургамлын нөөцийг хамгаалах, зохистой ашиглах менежментийг сайжруулж, тэдгээрийн байгалийн жамаар өсөж үржих, нөхөн сэргэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ. 3.17.Монгол Улсын газрын талаархи төрийн бодлого, газрын нэгдмэл сангийн оновчтой төлөвлөлтөд үндэслэсэн байгаль орчныг хамгаалах, газар, түүний хэвлийн баялгийг зохистой ашиглан хамгаалах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, газрын болон эд хөрөнгийн бүртгэлийн өнөөгийн тогтолцоог өөрчлөн бие даасан бүтэц бий болгож, газар зохион байгуулалт, газрын үнэлгээний аргачлалыг шинэчлэн мөрдүүлнэ. 3.18.Аялал жуулчлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах замаар жуулчдын тоог нэмэгдүүлнэ. 3.19.Байгаль орчны төрийн хяналтыг сайжруулан, байгалийн нөөц баялгийн халдашгүй байдлыг хангах үүрэг, хариуцлагыг чангатгана.
|
||||
| Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 1-р сарын 13, Мягмар гариг, 11:17 ) | ||||





























