Санал авах тухай сайдын тушаал

Төсөл

МОНГОЛ УЛСЫН

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН

САЙДЫН ТУШААЛ

 

2013 оны ….сарын ….өдөр                          Дугаар….                              Улаанбаатар хот  

Журам батлах тухай

 

Монгол Улсын Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх  хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

  1. “Хог хаягдлын мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллээр үйлчлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
  2. Энэхүү журмын хэрэгжилтийг зохион байгуулж,  хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/ аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.        

САЙД                                    С.ОЮУН

    

 

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ......дугаар тушаалын хавсралт

 

ХОГ ХАЯГДЛЫН МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ,

МЭДЭЭЛЛЭЭР ҮЙЛЧЛЭХ  ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь хог хаягдлын улсын мэдээллийн нэгдсэн сан /цаашид мэдээллийн сан гэх/-ийн үзүүлэлтийг тогтоож, түүнийг бүрдүүлэх, хөтлөх, нэгтгэн боловсруулах, мэдээллээр үйлчлэх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2. Мэдээллийн сангийн мэдээлэл нь төрийн өмч байна.

1.3. Мэдээллийн сангийн үндсэн хэсгийг бүрдүүлэх өгөгдлийн хэлбэрийг холбогдох хууль, дүрэм, журам болон тэдгээрийг дагалдан гарсан Үндэсний статистикийн хорооноос баталсан маягтын дагуу тодорхойлно.

Хоёр. Мэдээллийн сангийн хэлбэр, ангилал

2.1. Мэдээллийн санг цахим хэлбэрээр бүрдүүлнэ.

2.2. Мэдээллийн сангийн өгөгдөл нь тоо, текст, тоон зураг хэлбэртэй байна.

2.3. Мэдээллийн сан нь дараах ангилалтай байна. Үүнд:

2.3.1.улсын;

2.3.2. аймаг, нийслэлийн;

2.3.3. сум, дүүргийн;

2.3.4. эх сурвалжийн мэдээллийн сан

2.4. Улсын мэдээллийн сан нь аймаг, нийслэлийн мэдээллийн санд,  аймаг, нийслэлийн мэдээллийн сан нь сум, дүүргийн мэдээллийн санд, сум, дүүргийн мэдээллийн сан нь баг, хорооны мэдээллийн санд үндэслэн бүрдэнэ.

Гурав. Мэдээллийн сангийн бүтэц, бүрдүүлэх үзүүлэлт

3.1. Мэдээллийн сан нь дараах бүтэцтэй байна:

3.1.1. Хууль эрхзүй, аргазүйн мэдээллийн сан

3.1.2. Хатуу болон аюултай хог хаягдлын мэдээллийн сан

3.1.3. Менежментийн мэдээллийн сан

3.1.4. Техник, технологи, байгууламжийн мэдээллийн сан

3.1.5.Танин мэдэхүй, боловсролын мэдээллийн сан

3.1.6. Хэрэглэгчдийн мэдээллийн сан

3.2. Хууль эрхзүй, аргазүйн мэдээллийн санг бүрдүүлэх үзүүлэлт

3.2.1. Хууль эрхзүйн мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:

1)    Хог хаягдалын талаарх төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр

2)    Хог хаягдлын талаарх Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенц

3)    Хог хаягдлын талаарх хууль

4)    Хог хаягдлын талаарх журам

5)    Хог хаягдлын талаарх стандарт

6)    Хог хаягдлын талаарх маягт

3.2.2  Аргазүйн мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:

1)    Хог хаягдалын норматив тогтоох аргачлал

2)    Хог хаягдлын үйлчилгээний хураамж тооцох аргачлал

3.3.Хатуу  болон аюултай хог хаягдлын мэдээллийн санг бүрдүүлэх үзүүлэлт

3.3.1     Хатуу хог хаягдлын мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:

1)    Үүссэн хатуу хаягдлын мэдээлэл: Хогийн цэгүүдийн тоо, байршил, төрөл, төлөв байдал, тархалтын талбай, хогийн хэмжээ гэх мэт

2)    Хог хаягдлын үүсгэгч, ашиглагч, устгагч, тээвэрлэгчтэй холбоотой мэдээлэл:

3.3.2     Дахиварын мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:

1)     Дахин ашиглаж болох хог хаягдлын жилд үүсэх хэмжээ, төрөл, байршил болон хадгалалт, ашиглалтын талаарх мэдээлэл.

2)     Дахиварын бирж

3.3.3      Аюултай хог хаягдлын мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:

1)    Үүссэн аюултай хаягдлын хэмжээ, байршил, координат, кодчилсон ангилал, төлөв байдал, хор аюултай бодисын агууламж, хадгалалт, устгал, саармагжуулалт буюу ашигласан технологи,

2)    Хаягдлын үүсгэгч- эзэмшигч, ашиглагч, устгагч, тээвэрлэгчтэй холбоотой мэдээлэл

3.4. Менежментын мэдээллийн санг бүрдүүлэх үзүүлэлт

3.4.1. Хог хаягдлын бодлого, менежмент, хэрэгжилтийн тухай мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:

1) Улс, орон нутаг, байгууллага, аж ахуйн хэмжээнд орчны бохирдол, хог хаягдлыг бууруулахад хэрэгжүүлж байгаа бодлого, зохион байгуулалтын арга хэмжээ,  үр дүн, дүн шинжилгээ,  туршлага, асуудлын мэдээлэл

3.4.2. Тайлан, судалгааны мэдээллийн сан нь дараах мэдээллийн сангаас бүрдэнэ:

1) Олон улсын болон төрийн бус байгууллагуудын туслалцаатай хэрэгжүүлсэн төслүүдийн тайлан, туршилт судалгаа, хяналт, сургалтын байгууллагуудын туршлага, дүгнэлт, арга зүй, үр дүнгийн талаарх мэдээлэл.

3.4.3. Төслийн мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:

1) Хог хаягдалтай холбоотой орон нутагт хэрэгжүүлж болох төслийн санал, гарцуудын талаарх мэдээлэл

3.4.4 Хог хаягдлын төсөв, орлого, зардлын мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:

1)    Хэрэглэгчдийн хогийн үйлчилгээнд төлсөн төлбөрийн хэмжээ, тухайн жилд орон нутгийн төсвөөс хог хаягдлын асуудлаар төлөвлөсөн хөрөнгө, зарцуулалт, зэрэг мэдээллийг багтаасан байна.

3.5. Техник, технологи, байгууламжийн мэдээллийн санг бүрдүүлэх үзүүлэлт

3.5.1      Техникийн мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:

1)    Хог хаягдал боловсруулах, устгахад ашиглагдах машин механизм, тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл

3.5.2      Технологийн мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:

1)    Хог хаягдал боловсруулахад ашиглагддаг төрөл бүрийн технологи, аргазүйн талаарх мэдээлэл

3.5.3. Барилга, байгууламжийн мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:

1) Хог хаягдлыг устгах, боловсруулах, хадгалах зориулалттай барилга, байгууламж тэдгээрийг байгуулах аргачлал, тавигддаг шаардлага, стандарт, эрсдэлийн талаарх үндэсний болон олон улсын туршлага, мэдээлэл

3.6. Танин мэдэхүй, боловсролын мэдээллийн санг бүрдүүлэх үзүүлэлт

3.6.1      Танин мэдэхүйн мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:

1)    Хог хаягдал, орчны бохирдол, эрсдэл, аюул занал гэхчлэн иргэдийн танин мэдэхүйн зориулалттай иргэний боловсролд зориулсан мэдээллийн хэсэг.

3.6.2     Экологийн боловсролын мэдээллийн  сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:

1) Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүд, их дээд сургуулийн оюутнуудад зориулсан сургалт аргазүйн мэдээллийн хэсэг.

3.6.3     Мэргэшүүлэх сургалтын мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:

1)    Байгаль орчны болон мэргэжлийн хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал хариуцсан мэргэжилтэнд зориулсан сургалт, лекци, семинар бүхий мэдээллийн хэсэг

Дөрөв. Мэдээллийн сангийн өгөгдөл, программ хангамжид тавигдах шаардлага

4.1.Мэдээллийн сан нь энэхүү журмын гуравт заасан бүтэцтэйгээр ангилагдан, холбогдох боловсруулалтыг хийж ашиглахад хялбар болгон тусгайлан зохиогдсон программ хангамжтайгаар эх мэдээний хэлбэрээр баталгаажин, цахим архив болон хадгалагдана.

4.2. Мэдээллийн сан нь Байгаль орчны болон Засгийн газрын түгээмэл ашиглагддаг бусад мэдээллийн сангуудтай мэдээлэл, өгөгдөл солилцож болохоор нэгдмэл суурьтай программ хангамж ашиглана.

4.3. Мэдээллийн өгөгдөлд тавигдах шаардлага:

4.3.1.   Online горимд ажиллах боломжгүй анхан шатны мэдээллийн сан болон эх үүсвэрийн мэдээллийн сан нь offline горимд ажиллах, файл хэлбэрээр ирүүлсэн мэдээллийг нэгтгэж боловсруулан өгөгдөлөө дамжуулах боломжтой байна.

4.3.2.   Мэдээллийн сангийн өгөгдлүүд нэгдмэл программ хангамж, өргөтгөл, ижил хэлбэр, стандарт нөхцлийг хангаж бэлтгэгдсэн байна.

4.3.3.   Хэрэглэгчдэд ойлгомжтой байх

4.4.  Программ хангамжид тавигдах шаардлага:

4.4.1     Мэдээллийн сан нь захиргааны цахим сүлжээгээр авч байх online горимд Веб орчинд ажиллах боломжтой байна.

4.4.2     Мэдээллийн сангийн программ нь байгаль орчны ерөнхий мэдээллийн сантай нийцэж ажилладаг байх

4.4.3     Хайлтын өргөн сонголт бүхий системтэй байх

4.4.4     Газарзүйн мэдээллийн систем болон зурган мэдээтэй ажиллаж чаддаг байх

4.4.5     Мэдээллийн сан нь цаашид өргөтгөл, шинэчлэл хийх боломжтой байх

4.4.6     “Оpen source”-ийг программ хангамждаа ашиглаж болно

Тав. Мэдээллийн санг бүрдүүлэхэд баримтлах зарчим

5.1. Мэдээллийн санг бүрдүүлэх  үйл ажиллагаа нь тогтмол шинэчлэгдэн баяжиж, тасралтгүй явагдана.

5.2. Мэдээллийн санг бүрдүүлэх эрх бүхий этгээд энэ журмаар тогтоосон хугацаанд мэдээллийг тогтмол шинэчлэн оруулж байна.

5.3. Мэдээллийн санг бүрдүүлэх эрх бүхий этгээд мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцан ажиллана.

5.4. Мэдээллийн санг бүрдүүлэх эрх бүхий этгээд нь мэдээллийн сангийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хамгаалж ажиллана.

5.5. Анхан шатны болон эх үүсвэрийн мэдээллийн санг  холбогдох журам, батлагдсан маягтын дагуу бүрдүүлнэ.

5.6. Зохиогчийн эрхэд хамаарах судалгаа, шинжилгээний бүтээлийг мэдээллийн санд тухайн зохиогчийн зөвшөөрлөөр холбогдох хууль,  журмын дагуу оруулна.

Зургаа. Мэдээллийн сан бүрдүүлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүрэг

6.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

6.1.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  Улсын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, нэгтгэн боловсруулах  үйл ажиллагааг хариуцана.

6.1.2. 6.1.1-д заасан үйл ажиллагааг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хог хаягдлын бодлого хэрэгжилтийн асуудал эрхэлсэн болон мэдээлэл, дотоод аудитын асуудал эрхэлсэн мэргэжилтэн хөтлөн явуулна.

6.1.3. Энэ журмын 3.1.2-т заасан хатуу болон аюултай хог хаягдлын талаарх мэдээ тайланг нэгтгэн боловсруулж жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор Улсын мэдээллийн нэгдсэн санд оруулна.

6.1.4.Энэ журмын 3.1.1, 3.1.3, 3.1.4, 3.1.5, 3.1.6-д заасан мэдээллийг тухай бүр мэдээллийн санд оруулна.

6.1.5. Мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, нэгтгэн боловсруулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, технологи, программ хангамж, аргазүйгээр хангана.

6.2.Аймаг, нийслэлийн засаг даргын эрх, үүрэг

6.2.1. Аймаг, нийслэлийн мэдээллийн санг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцна.

6.2.2. Аймаг, нийслэлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг аймаг, нийслэлийн байгаль орчны албаны хог хаягдлын асуудал хариуцсан мэргэжилтэн хөтлөн явуулна.

6.2.3. Хариуцсан мэргэжилтэн нь энэ журмын 3.1.2-т заасан хатуу болон аюултай хог хаягдлын талаарх мэдээ, тайланг нэгтгэн, боловсруулж  жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

6.1.4.Энэ журмын 3.1.1, 3.1.3, 3.1.4, 3.1.5, 3.1.6-д заасан мэдээллийг тухай бүр мэдээллийн санд оруулна.

6.3.Сум, дүүргийн засаг даргын эрх, үүрэг

6.3.1. Сум, дүүргийн мэдээллийн санг тухайн сум, дүүргийн Засаг дарга хариуцна.

6.3.2. Сум, дүүргийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг сумын  байгаль орчны хяналтын улсын байцаагч, дүүргийн орчны бохирдол, хог хаягдлын бодлого хэрэгжилтийн асуудал хариуцсан мэргэжилтэн хөтлөн явуулна.

6.3.3.Хариуцсан мэргэжилтэн нь энэ журмын 3.1.2-т заасан хатуу болон аюултай хог хаягдлын талаарх мэдээ, тайланг нэгтгэх боловсруулж жил бүрийн 6, 12 дугаар сарын 10-ны дотор харъяалах аймаг, нийслэлийн засаг даргад хүргүүлнэ.

6.3.4.Энэ журмын 3.1.1, 3.1.3, 3.1.4, 3.1.5, 3.1.6-д заасан мэдээллийг тухай бүр мэдээллийн санд оруулна.

6.4.Баг, хорооны засаг даргын эрх, үүрэг

6.4.1.Баг хорооны засаг дарга энэ журмын 3.1.2-т заасан хатуу болон аюултай хог хаягдлын талаарх мэдээ, тайланд анхдагч боловсруулалт хийн нэгтгэж дараа улиралын эхний сарын 20-ны дотор харъяалах сум, дүүргийн засаг даргад хүргүүлнэ.

6.5. Иргэн аж ахуйн нэгжийн эрх, үүрэг

6.5.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлын асуудал хариуцсан ажилтантай байх ба тус асуудлыг хавсран  гүйцэтгүүлж болно.

6.5.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 3.1.2-т заасан хатуу болон аюултай хог хаягдлын талаарх мэдээ, тайлангаа холбогдох хууль тогтоомжид үндэслэн  батлагдсан маягтын дагуу  дараа улирлын эхний сарын 10-ны дотор харъяалах баг, хорооны засаг даргад хүргүүлнэ.

6.5.3.Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр болон олон улсын байгууллагын санхүүжилтээр гүйцэтгэсэн хог хаягдлын талаарх судалгаа, шинжилгээний ажлын тайлан, мэдээ, тоо, баримт, зураг зэргийг мэдээллийн санд үнэ төлбөргүй шилжүүлнэ.

6.6.Эрхийн удирдлагын модуль

6.6.1.Системд нэвтрэх хэрэглэгч нь эрхийн дараах түвшингүүдэд хуваагдана.

1.Улсын нэгдсэн мэдээллийн сан (нэгдүгээр эрэмбийн)- Байгал орчин, ногоон хөгжлийн яамны мэргэжилтнүүд

2.Аймаг, нийслэлийн мэдээллийн сан (хоёрдугаар эрэмбийн) -Аймаг орон нутгийн хог хаягдлын бодлого хэрэгжилтийн асуудал эрхэлсэн байгаль орчны төрийн төв байгууллагын мэргэжилтэн, аймаг нийслэлийн хог хаягдлын асуудал хариуцсан мэргэжилтэн, ТҮК-ны холбогдох мэргэжилтэн ба бусад

3.Анхан шатны буюу сум, дүүргийн түвшин.- Анхан шатны мэдээллийг оруулах байцаагчид, мэргэжилтнүүд

4.Иргэд, олон нийт

Найм. Мэдээллийн сангаар үйлчлэх

8.1.Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага болон төрийн байгууллагууд мэдээллийн сангаар үйлчлүүлэх эрхтэй.

8.2.Мэдээллийн сангаар үйлчлүүлсэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд мэдээллийг холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашиг олох зорилгоор бусдад дамжуулан ашиглуулах болон худалдахыг хориглоно.

8.3.Мэдээллийн сангийн зарим мэдээллээр онлайн болон төлбөртэйгээр үйлчилж болно.

———————-000————————