Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоох, хөнгөлөх тухай МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ

ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны ... дугаар сарын ... өдөр                 Дугаар                 Улаанбаатар хот

 

Усны нөөц ашигласны төлбөрийн хувь,

хэмжээг шинэчлэн тогтоох, хөнгөлөх тухай

“Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.3, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

  1. “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ”-г 1 дүгээр, “Усны нөөц ашигласны төлбөрөөс хөнгөлөх хувь, хэмжээ”-г 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
  2. “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ”-г усны сав газар тус бүрээр ялгавартай тооцож мөрдүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
  3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Ус ашигласны төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 351 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

САЙД Н.АЛТАНХУЯГ

ТӨСӨЛ

Засгийн газрын 2012 оны ... дугаар

тогтоолын 1 дүгээр хавсралт

Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ

Төлбөр ногдох усТөлбөрийн хувь хэмжээ,
/экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар/
Гадаргын усандГазрын доорх усанд
1.Хүн амын унд, ахуйн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд 1 5
2.Хүнд үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд 10 20
3.Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд 10 20
4.Авто зам, засварт ашигласан усны шоометр тутамд 10 20
5.Хөнгөн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд 10 10
6.Хүнсний үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд:
а/ Архи, пиво, согтууруулах ундаа 10 20
б/ Ундаа, цэвэр ус 10 10
в/ Талх, чихэр, нарийн боов, бусад 1 1
7. Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд:
а/ ашигт малтмал олборлох, баяжуулах 10 20
б/зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулах 10 20
в/ усыг шавхан зайлуулах 10 15
г/ эрэл, хайгуулын өрөмдлөг хийх 10 20
8.Эрчим хүчний үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд 10 15
9.Газар тариалангийн үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд 1 10
10.Ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ашигласан усны шоометр тутамд 10 15
Төлбөр ногдох ус Үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс тооцох төлбөрийн хязгаар /хувиар/
Гадаргын усанд
11.Усан цахилгаан станц, усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх 10
12. Усны түгээмэл тархацтай амьтан, ургамал үржүүлэх зэрэг үйлдвэрлэл, аялал зугаалга, усан спортын байгууламж 1

 

ТӨСӨЛ

Засгийн газрын 2012 оны ... дугаар

тогтоолын 2 дугаар хавсралт

Усны нөөц ашигласны төлбөрөөс хөнгөлөх хувь, хэмжээ

Ус ашиглах зориулалтУсны нөөц ашигласны төлбөрөөс хөнгөлөх хувь
Усны эх үүсвэр
Гадаргын усГазрын доорхи ус
1 Унд, ахуйн зориулалтаар усны эрдэсжилт, хатуулгыг нь цэнгэгжүүлж зөөлрүүлэн ашигласан - 60
2 Ан амьтан хамгаалах, өсгөн үржүүлэх, нутагшуулах болон ургамал тарьж ургуулах замаар байгалийн баялгийг нөхөн сэргээх зорилгоор ашигласан 60 30
3 Хаягдал ус цэвэрлэж, эргүүлэн ашигласан тохиолдолд тухайн эргүүлэн ашигласан 60 60
4 Цас, бороо, үерийн усыг хуримтлуулж мал аж ахуй, газар тариалангийн зориулалтаар ашигласан 50 -

 

ТӨСӨЛ

ТАНИЛЦУУЛГА

Усны нөөц ашигласны төлбөрийн хувь,

хэмжээг шинэчлэн тогтоох, хөнгөлөх тухай

Даян дэлхийн уур амьсгалын таагүй өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагааны үр дагавараас шалтгаалж усны нөөц хомсдон, олон гол горхи, булаг шанд, нуур, цөөрөм ширгэж, усны чанар, аюулгүй байдал, цэвэр усны хангамж нь хүний оршин тогтнохын тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт цаашид цэвэр усны нөөцийн хомсдолд оруулж, нэг хэм дулаарахад газар тариалангийн усалгаанд шаардагдах усны хэмжээг даруй 10 хувиар өсгөх хандлагатай байна.

Энэ оны 6 сард Бразилийн Рио Де Жанейро хотноо болсон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн чуулганаас гарсан “Бидний хүсч буй ирээдүй” баримт бичигт усны болон ариун цэврийн байгууламжийн асуудлыг тогтвортой хөгжлийн асуудал болох эдийн засаг, нийгэм, байгаль орчны чиглэлд тусган авч үзэхийн чухал ач холбогдлыг онцлон, усны нөөцийн хэмжээ болон чанарыг хангахад экосистемийн гүйцэтгэх гол үүргийг үнэлж, эдгээр экосистемийг хамгаалах, тогтвортой ашиглах үйл ажиллагааг дэмжихийг илэрхийлсэн.

Манай орон усны нөөц багатай орны тоонд багтдаг, байгаа багахан нөөц нь нутаг дэвсгэртээ жигд бус тархснаас гадна үйлдвэрлэл үйлчилгээний сөрөг нөлөөлөлд өртөж, усны нөөц их хэмжээгээр бохирдож, хомсдон, хэт үрэлгэн ашиглалтын улмаас усны нөөц байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхи алдагдаж байна.

Энэ зохисгүй хэрэглээг өөрчилж, усны нөөцийг зүй зохистой хэрэглэх, үр ашигтай ашиглах, бохирдлыг бууруулах, цэвэршүүлэх чиглэлээр дэлхий нийтэд хэрэглэж буй дэвшилтэт технологийг түргэн нэвтрүүлэх, нутагшуулахад хөрөнгө оруулалт хийх, усыг хэмнэлттэй ашиглах санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгохын тулд ус ашигласны төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Усны үнэлэмжийг дээшлүүлснээр байгалийн усны тэнцлийг хангах, усны зохисгүй хэрэглээг багасгах, улмаар дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулах, цөлжилттэй тэмцэх, биологийн төрөл зүйлийг хамгаалах-экосистем зориулагдах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Монгол Улсын Засгийн Газраас 2009 онд “Төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай” 351 дугаар тогтоолыг батлан гаргаж, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хязгаарт багтаан ус ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоон мөрдүүлж байсан болно.

Уг тогтоолд уул уурхайн үйлдвэрлэлийн ус ашигласны төлбөрийн хэмжээ хуулиар заасан хязгаараар 150 төгрөг/ шоометрт болсон ч усны төлбөр нь төвлөрсөн ус хангамжийн шугамнаас хангагддаг ус хэрэглэгчдийн үйлчилгээний үнэ болох 2000 төгрөгөөс бага байгаа юм. Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 2010 оны 55 дугаар тушаалаар батлагдсан цэвэр усны үйлчилгээний үнэ орон сууцны тоолууртай хэрэглэгчид шоометр тутамд 319,78 төг байна. Ус түгээх байгууламжаас түгээж буй усны үнэ НӨАТ-тэйгээр 1 төг/л, зөөврөөр түгээж байгаа үед 1.5-2 төг/л байна.

Хүснэгт 1. УСУГ-ын цэвэр усны үнэ болон өөрийн өртөг, 2011 он

ҮзүүлэлтДундаж үнэ, (НӨАТ-гүй)
төг/м3
Өөрийн өртөг
төг/м3
Гэр хорооллын төвлөрсөн шугамын 930.9 5217.5
Гэр хорооллын зөөврийн 1006.3 6327.2

 

2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр батлан, шинэчлэн найруулсан “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай” хуульд зааснаар Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь хот суурингийн усны үйлчилгээний үнэ тарифын асуудлыг шийдвэрлэх юм. Усны үнэ төлбөрийн асуудал нэгдсэн бодлого, зохицуулалтгүй нөөц ашигласны төлбөр, үйлчилгээний төлбөрийг тус тусад нь ногдуулах, төлбөрийн орлогыг нэгтгэн цуглуулах, усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг цэвэрлэх зардлын санхүүжилтийн бодлогын уялдаа хангалтгүй байна. Усны тухай хуулийн 9.1.5-д Засгийн газрын бүрэн эрхэд усны асуудлыг хариуцсан хороо ажиллуулан нэгдсэн удирдлагаар хангахаар заасан. Энэ хороо нь усны үнийн нэгдсэн бодлого, усны нөөцийг хамгаалах, бохирдлыг арилгах санхүүжилтийн системийг боловсронгуй болгох асуудлыг удирдан чиглүүлэх боломжтой.

Хүснэгт 1. Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого /сая төгрөгөөр/

Үзүүлэлт2005200620072008200920102011
Ус, рашаан ашигласны төлбөрийн орлого 2690.0 2740.7 2819.1 2813.5 3041.7 4718.8 5369.0
Ус, рашаан ашигласны төлбөр, төг/м3 10-100 10-100 10-100 10-100 30-150 30-150 30-150
Төлбөр ногдуулсан усны хэмжээ, мян. шоометр 5279.5 26705.3 34862.7 20094.9 10584.8 14705.4 23354.1

*Эх үүсвэр: Усны газар /Хуучин нэрээр/

Усны үнийн талаарх олон улсын судалгаанаас үзэхэд, Оросын холбооны улсад газрын доорх усны эх үүсвэрээс мян.шоометр ус 600-1300 рубль буюу нэг шоометр ус 0,6-1,3 рубль буюу 26-57 төг байна. Дани улсад газрын доорх усны эх үүсвэрээс авсан усны төлбөр 1142 төг/шоометр, Голландад 291,2 төг/шоометр, Германид нэг шоометр гадаргын усанд 100 орчим төгрөг байна.

БНХАУлсад уул уурхайн зориулалтын нэг шоометр усны үнэ 7 юань буюу 1540 төгрөг байна.

Байгаль орчны тухай багц хуулиудыг шинэчлэн энэ оны 5 дугаар сард УИХ-аар баталсантай холбогдуулан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээний хязгаарыг усны экологи эдийн засгийн үнэлгээний хувиар тооцохоор заасан юм. Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолоор баталсан усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дээрх хуулинд заасан хувь хэмжээний хязгаарын хүрээнд багтаан төлбөрийг тооцох юм. Усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг усны экологи эдийн засгийн үнэлгээний хувийн доод дээд хязгаараар тооцоход Үүнд: Хүнд үйлдвэрийн зориулалтаар гадаргын ус ашиглахад 100-1000 төг, газрын доорх ус 370-4800 төгрөг Туул голын сав газарт 6600 төгрөг байхаар байна. Уул уурхайн зориулалтаар ашигласан усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ ашигт малтмал олборлох баяжуулахад гадаргын усанд 100-1000 төгрөг/шоометр бол газрын доорх усанд 300-5800 төгрөг/шоометр буюу Туулын сав газарт 9000 төгрөг/ шоометр байхаар байгаа юм. Энэ хязгаарын хүрээнд экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг уул уурхайн зориулалтаас бусад ашиглалтад хамгийн доод хязгаараар тооцон гаргалаа.

“Оюу толгой” ХХК нь 2011 онд 489.5 мянган шоометр ус ашиглан улсын төсөвт 27.1 сая төгрөг төлсөн байна. Дээрх өөрчлөлт хийснээр ус ашиглахдаа 1700-6200 төг/шоометр төгрөгийн хязгаартай бөгөөд урьдчилсан байдлаар бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 22.0 сая шоометр гүний усыг татна гэсэн тооцоо байдаг. Энэ нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн үедээ доод хязгаараар тооцоход 38500.0 сая төгрөгийн төлбөр төлнө гэсэн үг болно.

2011 онд “Эрдэнэт” УБҮ 15 сая шоометр ус ашиглан 1880.6 сая орчим төгрөг төлсөн бол төлбөр шинэчлэгдсэнээр (1300-4800 төг/шоометр) 19500.0 сая төгрөг болж 10 дахин нэмэгдэхээр байна.

Эхний ээлжинд усны нөөц ашигласны төлбөрийн орлогыг эрс нэмэгдүүлэхгүйгээр тогтоож, хуульд заасан нөхцөлөөр усыг хэмнэлттэй ашигласан тохиолдолд зохих хөнгөлөлт тогтоохоор санал оруулж байна.

“Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хууль-д зааснаар ус, рашаан ашигласны төлбөрийн орлогын 50 хувийг орон нутагт усны нөөцийг хамгаалах зориулалтаар зарцуулах боломж бүрдэнэ гэж үзсэн болно.

 

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам