Байгаль орчны салбарт нэгдэн орсон конвенци

Монгол улс нэгдэн орсон гэрээ, конвенцийн тухай товч танилцуулга

 

Монгол улс 1992 онд баталсан ардчилсан үндсэн хуулиараа Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Хүний эрүүл, аюулгүй орчинг хангах ажлын хүрээнд төрөөс байгаль орчныг хамгаалах талаар бодлого, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж ирсэний зэрэгцээ дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шинэлэг нээлт, нэгдсэн шийдвэртэй хөл нийлүүлэн хөгжих зорилго тавьж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж батлагдсан гэрээ, конвенциудыг соёрхон баталж, нэгдэж ороод байна.

1993 оны 9 сарын 30-ны өдөр Биологийн төрөл зүйлийн тухай НҮБ-ын суурь конвенцид Монгол улс анх нэгдэж орсноос эхлэн одоогоор манай улс нийт 11 конвенци, 3 протоколыг соёрхон баталж, тэдгээрийн албан ёсны “Тал” болсон байна. Тус конвенциудын ээлжит Талуудын бага хуралд тогтмол идэвхитэй оролцож, тухай бүрт гаргасан шийдвэрүүдийг дотоодын бодлого, төлөвөлөлтөндөө тусгах ажлын зохион байгуулж, конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт тус конвенцийн хэрэгжилтийн талаарх тайланг цаг тухайд нь хүргүүлж, нарийн бичгийн дарга нарын газартай байнгын холбоотой ажиллаж байна.

Нэгдэж орсон гэрээ конвенциудад: НҮБ-ын суурь буюу Риогийн 3 конвенци болох Биологийн төрөл зүйл, Цөлжилттэй тэмцэх, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенци, Озоны давхаргыг хамгаалах тухай, Химийн 3 конвенци болох Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стогкольмын конвенци, Аюултай хог хаягдлыг хил дамнуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенци, Аюултай зарим химийн бодис болон пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын конвенци болон Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци /САЙТИС/, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах Боннын конвенци, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенци /РАМСАР/-д нэгдэн оржээ. Хамгийн сүүлд 2002 оны 5 сарын 24-нд Далайн халим агнуурыг зохицуулах конвенци-д нэгдэн оржээ.

Мөн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол, Биологийн төрөл зүйлийн тухай конвенцийн био аюулгүй байдлын тухай Картагений протокол, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколуудад нэгдэж оржээ.