УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ, УСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮЛДЭД САНАЛ АВЧ БАЙНА (2016-02-10)


УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


1 дүгээр зүйл. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд дор дурдсан агуулга бүхий хэсэг, заалт нэмсүгэй:

1/ 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

“8.5. Хот, суурин газарт стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламж ашиглаж байгаа өрхийг төлбөрөөс чөлөөлж болно.”
2/ 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:
“8.1.3. Хаягдал усыг стандартын түвшинд нийцүүлэн цэвэрлэх тоног төхөөрөмж суурилуулан ашиглаж байгаа бол уг тоног төхөөрөмжийг худалдан авсан баталгаат үнийн дүнгийн хорь хүртэл хувьтай тэнцэх хэмжээгээр.”

2 дугаар зүйл. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1. дэх заалтын “торгох” гэсний дараа “, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэж нэмсүгэй.


3 дугаар зүйл. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дараах хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
“4.1. Ус, рашааны нөөцийг ашиглан усны найрлага, чанарт нөлөөлж, хаягдал усыг байгальд шууд нийлүүлж байгаа болон ариутгах татуургад нийлүүлж байгаа ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус бохирдуулсны төлбөр төлөгч байна.”
2/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
“9.1. Төлбөр төлөгч нь тухайн улиралд байгаль орчинд шууд хаясан болон ариутгах татуургын байгууламжид нийлүүлсэн хаягдал усан дахь бохирдуулах бодист ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд төлж жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор харьяалах татварын албан тушааж, төлбөрийн жилийн эцсийн тооцоог хийнэ.”
“3/ 9 дүгээр зүйлийн 3 дэх хэсэг:
“9.3. Төлбөрийн тайлангийн маягтыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.”

4 дүгээр зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дараах хэсгийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

1/ 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн “Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл сав газрын захиргаа” гэснийг “Сав газрын захиргаа, эсхүл сум, дүүргийн Засаг дарга” гэж;
2/ 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “холбогдох” гэснийг “,хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн” гэж;
3/ 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн төлбөрийн хязгаарын доод хэмжээг Жинлэгдэх бодис “100” гэснийг “50” гэж, Органик бодис “100” гэснийг “50” гэж, Эрдэс бодис “50” гэснийг “20” гэж, Хүнд металл “1000” гэснийг “500” гэж.

5 дугаар зүйл. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцсугай:

1/ 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
“9.2.Татварын алба төлбөрийн жилийн тайланг дор дурдсан хугацаанд гаргана:”
2/ 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт:
“9.2.1.сум, дүүргийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн татварын албанд;”
3/ 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт:
“9.2.2.аймаг, нийслэлийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад;”


6 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

1/ Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

УСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Усны тухай хуулийн 25 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 25.21 дэх хэсэг нэмсүгэй:

1/ “25.21. Энэ хуулийн 25.2 дахь хэсэгт заасан шатлан өсгөх хэлбэрээр нөхөн төлбөрийн хэмжээг тооцох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

2 дугаар зүйл. Усны тухай хуулийн 25.2 дахь хэсгийн “гурав дахин” гэснийг “хоёроос гурав дахин шатлан өсгөх хэлбэрээр” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

1/ Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

 

 Төсөл татах

Энэхүү хуульд өгөх саналаа erdenebulgan@mne.gov.mn хаягаар илгээнэ үү