Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам

Төсөл

Журам шинэчлэн боловсруулах

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

            1.1. "Химийн хорт болон аюултай бодисын тухай" Монгол Улсын хуулийн  6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, 8,9,11,15,18 дугаар зүйлд  заасан химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад  энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Иргэн,аж ахуйн нэгж, байгууллагад химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах зөвшөөрөл /цаашид зөвшөөрөл гэх/ олгох, тэдгээрт тавих шаардлага болон экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах үед химийн хорт болон аюултай бодисоос хамгаалах эрх зүйн хэм хэмжээг тогтоон зохицуулахад  энэхүү журмын зорилго оршино.

1.3. Озон задладаг бодисыг импортлох, худалдах, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг Засгийн газрын "Озон задладаг бодисыг импортлох, ашиглах зөвшөөрөл олгох журам"-аар зохицуулна.

 

Хоёр. Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах зөвшөөрөл олгох

             

2.1. Ерөнхий зүйл

 

2.1.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аж ахуйн нэгж, байгууллагын албан ёсны хүсэлт, иргэний  өргөдлийг үндэслэн  дараахь  зөвшөөрлийг олгоно:

2.1.1.1. химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх;

2.1.1.2. химийн хорт болон аюултай бодис  импортлох, үйлдвэрлэх зөвшөөрөл бүхий  иргэн, аж ахуйн нэгж, байгууллага импортлосон болон үйлдвэрлэсэн бодисоо дотоодын хэрэглэгчдэд худалдах;

2.1.1.3. химийн хорт болон аюултай бодис экспортлох, ашиглах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой шалтгааны улмаас тухайн зорилгоор ашиглахгүй болсон илүүдэл бодисыг худалдах.

2.1.2. Зөвшөөрөл авахыг хүссэн иргэн өргөдлөөр, аж ахуйн нэгж, байгууллага албан бичгээр хүсэлт гаргах бөгөөд үүндээ зөвшөөрөл хүссэн бодисын олон улсын болон монгол нэршил, худалдааны нэршил, зориулалт, химийн томъёо, олон улсын бүртгэлийн дугаар (CAS number), зөвшөөрөл хүссэн тоо хэмжээ, улсын хилээр нэвтрүүлэх боомт зэргийг тодорхой тусгасан байна.

2.1.3. Зөвшөөрөл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1-д заасан мэдээллээс гадна дараахь мэдээллийг агуулсан баримт бичгийг хавсаргасан байна:

2.1.3.1. аж ахуйн нэгжийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний, иргэний хувьд иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

2.1.3.2. тухайн бодисын дагалдах сертификат (англи, монгол, орос хэлийн аль нэг  дээр)

2.1.3.3. үйлдвэрлэгч эсвэл албан ёсны борлуулагчаас тухайн химийн бодисыг дагалдуулан өгсөн англи эсвэл орос хэл дээрх хор, аюулын лавлах  мэдээлэл, түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулга;

2.1.3.4. тухайн бодисыг гадаад болон дотооддоо тээвэрлэх байгууллагатай  хийсэн гэрээ  болон түүнтэй  адилтгах  баримт бичгийн хуулбар;

2.1.3.5. Зөвхөн шинжилгээ, судалгааны зориулалтаар ашиглагдах "Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д орсон стандарт уусмал, бодис болон "Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д орсон химийн бодисын хувьд Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн Шинжээчдийн багийн дүгнэлт;

2.1.3.6. Пестицидын хувьд хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон пестицид импортлох,ашиглах, худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл;

2.1.3.7. Ариутгал, халдваргүйтлийн бодисын хувьд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон ариутгал, халдваргүйтлийн бодис импортлох,ашиглах, худалдах  үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл.

2.1.3.8. Тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэхэд ашиглагдах химийн бодисын хувьд Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосонимпортлох, ашиглах, худалдах  үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл.

2.1.4. Доорхи төрлийн химийн бодис, химийн  бодис агуулсан бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх,  худалдахад энэхүү журам хамаарахгүй. Үүнд:

          2.1.4.1. Судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах 1 кг эсвэл 1 л-ээс багаар савласан нийт хэмжээ нь 8кг эсвэл 8литрээс бага хэмжээтэй, "Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт" болон "Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д  ороогүй  бодис, урвалжууд, мөн ампульдсан стандарт уусмалууд;

          2.1.4.2. Барилгын будаг, төрөл бүрийнцавуу; силикон, төрөл бүрийн чигжээс, барьцалдуулагч, цементийн нэмэлт, бетон зуурмагын нэмэлт, барилгын хуванцар бэлдэц, нунтаг графит,PVC, гадаргуугын идэвхит бэлдмэл

          2.1.4.3.  Төрөл бүрийн савлагаатай  галын хор;

          2.1.4.4. Барилгын бүтээц, шугам хоолой, дулаалгын материал үйлдвэрлэх зориулалттай полимер түүхий эд, хуванцрын полимерүүд;

          2.1.4.5.  Шахсан хий бүхий ахуйн зориулалттай асаагуур;

          2.1.4.6. Жижиглэн борлуулах зориулалтаар савлагдсан ахуйн зориулалттай 500 мл, эсхүл 500 граммаас бага хэмжээтэй уусгагч, хэвлэлийн хор, фото зургийн хор;

          2.1.4.7.Жижиглэн борлуулах зориулалтаар савлагдсан тээврийн хэрэгслэлийн тос, тосолгооны материал, шингэн;

          2.1.4.8. Шохойн чулуу, боловсруулсан шохой, гипс, каолин, бентонит, идэвхижүүлсэн нүүрс, төмрийн соронз, өндөр цэвэршилттэй металлууд, кварц зэрэг боловсруулсан болон боловсруулаагүй эрдсүүд;

          2.1.4.9.  Бензин, дизель түлш, керосин, моторын тос, асфальт, битум, парафин, резин, байгалийн каучук;

          2.1.4.10.Шингэрүүлсэн хийн түлш;

          2.1.4.11.Жижиглэн борлуулах зориулалтаар савласан ахуйн болон гоо сайхны химийн бодис, шингэнүүд, вазелин, силикагель;

          2.1.4.12. Цардуул, желатин, декстрин, казейн, лимоны хүчил, ундааны нүүрсхүчлийн хий, тэжээлт орчин, гумины бордоо зэрэг химийн бодис, шингэнүүд;

2.1.4.13. Ноос, ноолуур угаах шингэн саван, хуурай савангууд;

 

         

             

2.2. Экспортлох зөвшөөрөл олгох

 

2.2.1. Химийн хорт болон аюултай бодис экспортлох зөвшөөрөл авахыг хүссэн иргэн, аж  ахуйн нэгж байгууллага энэ журмын 2.1.3-т зааснаас гадна дараахь материалыг  нэмж бүрдүүлсэн байна:

2.2.1.1. тухайн бодисыг олон улсын хэмжээнд болон хоёр талын хооронд худалдаалж болох эрх зүйн үндэслэл, хортой, аюултай бүтээгдхүүнийг хил дамжуулан тээвэрлэх олон улсын конвенци, гэрээ, хэлэлцээрийн шаардлагыг хангасан тухай танилцуулга;

2.2.1.2 нийлүүлэгч, хүлээн авагч, тээвэрлэгч талуудын хооронд хийсэн гэрээ, хэлэлцээрийн эх хувь, түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулга болон бусад шаардлагатай бичиг баримт.

 

              2.3. Импортлох зөвшөөрөл олгох

 

2.3.1.  Химийн хорт болон аюултай бодис импортлох зөвшөөрөл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага энэ журмын 2.1.3-т заасан  материалыг бүрдүүлэхээс гадна нийлүүлэгч талтай хийсэн гэрээ хэлэлцээрийн эх хувь, түүний англи, орос эсвэл монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргана.

 

              2.4. Хил дамжуулан тээвэрлэх зөвшөөрөл олгох

 

2.4.1. Химийн хорт болон аюултай бодис хил дамжуулан тээвэрлэх зөвшөөрөл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага энэ журмын 2.1.3-т заасан материалаас гадна нийлүүлэгч-хүлээн авагч-Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх асуудлыг хариуцсан этгээдийн хооронд эсхүл нийлүүлэгч-дамжин өнгөрүүлэгч, хүлээн авагч-дамжин өнгөрүүлэгчийн хооронд хийсэн гэрээ хэлэлцээрийн эх хувь болон түүний монгол, англи хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргана.

 

              2.5. Үйлдвэрлэх зөвшөөрөл олгох

 

2.5.1. Химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх зөвшөөрөл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 2.1.3-т зааснаас гадна  дараах материалыг нэмж бүрдүүлсэн байна:

2.5.1.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажсан, химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ бүхий "Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан";

2.5.1.2.Үйлдвэрлэл эхлэхийг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл,  хүлээн авсан улсын комиссын акт, дүгнэлтийн хуулбар;

2.5.1.3.Үйлдвэрлэх химийн бодисын хор, аюулын лавлах мэдээллийг боловсруулж, Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлөөр дүгнэлт гаргуулсан байна.

 

              2.6. Худалдах зөвшөөрөл олгох

 

2.6.1. Химийн хорт болон аюултай бодис худалдах зөвшөөрөл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 2.1.3-т заасан  материалаас гадна химийн бодисыг хадгалах, худалдах үйл ажиллагаа явуулах агуулахын байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажсан химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ бүхий "Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан"-г хавсаргасан байна.

 

Гурав. Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тавих шаардлага

 

              3.1. Ерөнхий зүйл

 

              3.1.1. Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллага дараах шаардлагыг биелүүлнэ. Үүнд:

              3.1.1.1. Химийн хорт ба аюултай бодис нь зориулалтын сав, баглаа боодол, стандартын шаардлага хангасан англи, орос, монгол хэл дээр үйлдэгдсэн хаяг, шошготой байна.

  3.1.1.2. Химийн хорт ба аюултай бодисыг анхааруулах тэмдэг бүхий  зориулалтын тээврийн хэрэгслэлээр тээвэрлэх бөгөөд тээвэрлэх, ачих, буулгах үеийн аюулгүй ажиллагааг химийн бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, худалдах үйл ажиллагаа эрхлэгч хариуцна. 

3.1.1.3. Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч нь  тээвэрлэгч байгууллагатай гэрээ байгуулахдаа тухайн бодисын монгол хэл дээрх хор, аюулгүй байдлын лавлах мэдээлэл, аюулгүй ажиллагааны зааварчлага, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө, тээвэрлэх маршрут зэргийг танилцуулж гарын үсэг зуруулна.

3.1.1.4. химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч нь  энэ талаар гарсан олон улсын гэрээ, хэлэлцээрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд  тээвэрлэлт, ачилт, буулгалтын үед гарч болох осол, эрсдлээс  урьдчилан сэргийлэх, осол , алдагдал гарсан тохиолдолд хор, аюулыг бууруулах арга хэмжээ авах нөхцлийг бүрдүүлсэн байна.

3.1.1.5. зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь экспортлосон, импортлосон, хил дамжуулан тээвэрлэсэн, үйлдвэрлэсэн, худалдсан химийн хорт болон аюултай бодис  бүрээр нийлүүлэлт, зарцуулалтын  хөдөлгөөний тухайн жилийн тайлан гаргаж,  дараа жилийн 1 дүгээр сарын 10-ны дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

3.2. Экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгчид   тавих шаардлага

 

3.2.1.  Химийн хорт болон аюултай бодис экспортлох, имплотлох, хил дамжуулан тээвэрлэх зөвшөөрөл бүхий  иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 3.1-д заасан  шаардлагыг биелүүлнэ.

 

              3.3. Үйлдвэрлэгчид тавих шаардлага

 

  3.3.1. Химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх зөвшөөрөл бүхий  иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 3.1-т зааснаас гадна дараах  шаардлагыг биелүүлнэ:

  3.3.1.1. Химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэгч нь эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байранд,  технологийн горимыг нарийн чанд баримтлан ажиллана.

              3.3.1.2. Үйлдвэрлэгч нь орчиндоо болон ажлын байранд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бодис бүхий хорт хий,  хог хаягдал гаргахгүй байх үүрэг хүлээх ба гаргасан тохиолдолд түүнийг бууруулах, саармагжуулах, байгаль орчинд халгүй аргаар устгах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр авч хэрэгжүүлнэ.

  3.3.1.3. Үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүнээ борлуулахдаа тухайн бодисын хор, аюулгүй байдлын лавлах мэдээллийг заавал дагалдуулан өгнө.

 

  3.4. Худалдахад тавих шаардлага

 

3.4.1. Химийн хорт болон аюултай бодис худалдах зөвшөөрөл бүхий  иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 3.1-т зааснаас гадна дараах  шаардлагыг биелүүлнэ:

3.4.1.1. химийн хорт болон аюултай бодис ашиглах зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад химийн хорт болон аюултай  бодисыг худалдахыг  хориглоно.

3.4.1.2. химийн хорт болон аюултай бодисыг худалдахдаа худалдан авсан этгээдийн хаяг, бодисын нэр төрөл, хэмжээ, ашиглах зориулалтыг заасан баримтыг 2 хувь үйлдэн баталгаажуулж, нэг хувийг худалдан авагчид, үлдсэн хувийг өөртөө хадгална.

3.4.1.3. Химийн хорт болон аюултай бодисыг худалдахдаа худалдан авагчид тухайн бодисын хор, аюулгүй ажиллагааны лавлах мэдээллийг заавал дагалдуулан өгнө.

3.4.1.4. Химийн хорт болон аюултай бодисыг жижиглэн худалдахдаа зориулалтын, тодорхой хаяг шошго бүхий саванд савласан байна.