БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР – 2020 ОНД
1. “Ирлээ Явлаа Цэвэр” аяныг улс орон даяар зохион байгууллаа.
Аялал жуулчлалаас үүдэн хүрээлэн буй орчинд үүсч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, аялагчдын соёл, ухамсрыг дээшлүүлэх зорилгоор Экологийн цагдаагийн албатай хамтран ‘’Ирлээ Явлаа Цэвэр’’ аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд 44 видео шторк, 118 зурагт постер, 238 холбогдох мэдээллийг цахим сүлжээнд байршуулсан нь давхардсан тоогоор 11,7 сая хүнд хүрч 52,4 мянган хүн өөрийн цахим хуудсандаа хуваалцан уриалга дэвшүүлж, эерэг сэтгэгдэл үлдээв.
2. 21 аймаг, тусгай хамгаалалттай 6 газар хуванцар сав, лааз пресслэгчтэй боллоо.
“Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд хог хаягдлыг газар дээр нь ангилан ялгаж, цуглуулах, тээвэрлэх менежментийг дэмжин ажиллаж 21 аймаг болон улсын тусгай хамгаалалттай 6 газрыг хог хаягдлыг нягтруулж пресслэх төхөөрөмжө өр хангалаа. Үүний үр дүнд хөдөө орон нутгаас хөнгөн атлаа овор ихтэй ачаа болдог хуванцар, хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаасны хаягдлуудыг шахан нягтаршуулж жижиглэн тээвэрлэлтийн зардлыг 5-6 дахин бууруулах боломж бүрдлээ.
3. Хустай нурууны байгаль хамгаалагчид тохилог орон сууцтай боллоо.
БОАЖЯ, ХБНГУ-тай хамтран Хустай нурууны байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагч, судлаачдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор 746 м2 талбай бүхий хоёр давхар 16 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулан, хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өглөө. Энэхүү орон сууцыг ашиглалтад оруулснаар эх нутагтаа бүр мөсөн устаж үгүй болсон тахь адууг сэргээн нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын ажилтнууд тогтвор суурьшилтай, сэтгэл тайван ажиллах орчин нөхцөлөөр хангагдав.
4. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дөрвөн үйлчилгээг цахимаар авдаг боллоо.
Төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт, Ан агнах тусгай зөвшөөрөл, Ойн мэргэжлийн байгууллагын эрх, Химийн хортой болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөл зөвшөөрлүүдийг E-Mongolia.mn цахим хуудсаар олгож эхэллээ.
5. Байгаль хамгаалагч нарт 210 мотоцикл гардууллаа
Улсын хэмжээнд тусгай хамгаалалт бүхий 32.8 сая га газрыг 34 хамгаалалтын захиргаа хариуцан нийт 1000 гаруй байгаль хамгаалагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр 210 мотоциклийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 24 хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагч, 21 сав газрын захиргаанд гардууллаа.
6. “Нөхөн сэргээлтийн тусгай дансанд байршсан мөнгийг анх удаа хөдөлгөж Архангай аймгийн Цэнхэр суманд нөхөн сэргээлт хийлээ”
7. Хагийн хар нуур руу тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх шийдвэр гаргалаа
Монголын найман гайхамшигийн нэг Хагийн хар нуур орчимд аялахад өвлийн цагт цас ихтэй, хүйтэн бол зундаа хур бороо элбэгтэй, шавар, намаг ихтэй. Сүүлийн жилүүдэд тоноглосон автомашинууд болон ATV, UTV гэх мэт тээврийн хэрэгслээр автомашиныхаа хүч чадлыг сорих хүмүүс ихэссэн. Ингэснээр олон салаа зам гаргах, мод бутыг дайрах, хугалах, их дуу чимээ гаргаснаар ан амьтан дайжих, нуурын эрэг орчмоор автомашины тос масло асгах зэрэг сөрөг үр дагаварууд гарч эхэлсэн. Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Хагийн хар нуур руу тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх шийдвэр гаргалаа. Үүний үр дүнд Хагийн хар нуур орчмын байгалийн үзэсгэлэнт газрыг унаган төрхөөр нь хадгалах, хөрсний элэгдэл, эвдрэлээс сэргийлэх боломж бүрдэв.
8. Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-д бүртгэлээ.
Тус бүс нутаг нь ойт болон тал хээрийн экосистемийг хадгалсан, цагаан зээр төллөх, идээшлэх, бэлчээрлэх бөгөөд нуур, тойром элбэгтэй, усны шувууд зусах, өндөглөх таатай нутаг юм. Ийнхүү ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандалын нөөц газарт бүртгэснээр Тосон хулстайг дэлхийн хэмжээнд хамгаалах боломж, нөхцөл бүрдэж байна.
9. Аялал жуулчлалын зургаан том цогцолборын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна
Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Хэнтий аймгийн Дадал, Батноров, Норовлин, Дэлгэрхаан, Биндэр, Бэрх сумдад нийт зургаан цогцолбор байгуулагдах юм. 13-р зууны үеийн түүх, соёлыг харуулсан эдгээр цогцолбор бүхэлдээ “Мянганы суут хүн – Их эзэн Чингис хаан”-аар овоглосон түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн болох юм.
10. “Яндангаа хөөлье” аяныг улс орон даяар өрнүүллээ.
2019 онд 2500 хүн угаарт өртөж, 20 гаран хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Иймээс Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ” аяныг улс орон даяар амжилттай зохион байгуулж 4 сарын хугацаанд 70119400 утсаар болон өрхийн хяналтын ажилтнаар дамжуулан 18 мянган иргэнээс дуудлага хүлээн авч 12 мянган гаруй айлын яндан, пийшинг хөөллөө. Үүний үр дүнд угаарын хийн хордлого 80 хувиар буурлаа. Мөн аяны хүрээнд ханан пийшин хөөлөх мэргэжилд 400 залуусыг сургаж, ажлын байраар хангалаа.
11. Жуулчдын тав тухыг хангасан отоглох цэг 100-г байгуулна
Хөрсний бохирдлоос сэргийлэх, жуулчдаас унаган байгаль орчныг хамгаалах зорилгоор 100 отоглох цэг барихаар төлөвлөсөн. Энэ жилийн хувьд 16 отоглох цэг байгуулах төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байна. Отоглох цэг гэдэг нь машины зогсоол, майхан барих,ил гал түлэх тусгай талбай, эко жорлон, хогийн цэг, гэрэлтүүлэг, сандал, саравч бүхий цогц орчин юм.
12. Улсын тусгай хамгаалалттай 16 сум иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинтай боллоо
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы сэргээн босголт, зээлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд 11 хамгаалалтын захиргаадын Орчны бүсийн сумдад иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн 16 автомашинийг хүлээлгэн өглөө. Ингэснээр тухайн сумын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдын эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
13. Аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулж 16 мянган мэргэжилтэн бэлтгэлээ.
Аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах ажлыг эрчимжүүлэхээр БОАЖЯ-наас хоёр дахь жилдээ Зочлох, угтах үйлчилгээний сругалтыг улс орон даяар амжилттай зохион байгууллаа. Сургалтыг зөөгч, бартендер, бариста, тогооч, өрөөний болон гэрийн үйлчлэгч, хаалгач, ачаа зөөгч, хөтөч тайлбарлагч, жолооч, зочин угтагч гэсэн 10 чиглэлээр мэргэжлийн сургагч багш нар явуулж 16 мянган иргэнийг үнэ төлбөргүй хамрууллаа.
14. Салбарын гадаад хамтын ажиллагааг идэвхтэй явуулж Олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
Дэлхийн Байгаль орчны салбарын сайд нарын “Ковид-19 цар тахал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын цахим хуралд сайд Д.Сарангэрэл оролцож Монгол улсаа төлөөлөн илтгэл тавьлаа. Мөн Дэлхийн 75 улс орны тэргүүн, Засгийн газрын төлөөлөл оролцсон “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг тодорхойлох” дээд хэмжээний цахим хуралд Монгол улс амжилттай оролцож үндэсний түвшинд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр байр сууриа илэрхийллээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 дугаар чуулганы үеэр зохион байгуулагдсан Биологийн олон янз байдлын дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр БОАЖ-ын сайд оролцон 2030 он гэхэд газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтанд авах чиглэлээр байгуулагдсан Эх дэлхийн төлөөх түншлэлийн гишүүн орны хувьд амалсан үүрэг амлалтаа хэрэгжүүлэхээ баталгаажууллаа.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх дөрвөн жилд бид дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
- Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ.
- Хөвсгөл нууранд эко системийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нууранд живсэн машин техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагуудтай хамтарч зохион байгуулна.
- Усны нөөцийг бохирдол хомсдолоос сэргийлэх нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, Нийслэлийн цэвэр усны хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, цэвэрлэсэн болон саарал усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана.
- Гэр хороолол болон аялал жуулчлалын бүсэд “Эко жорлон” хөтөлбөр хэрэгжүүлж, хөрсний бохирдлыг бууруулна.
- Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувьд хүргэж, мод тарьж ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэд, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг улсын тусгай хамгаалалтад авна.
- Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8 мянган га талбайг нөхөн сэргээнэ.
- Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжиж, хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх, аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулна.
- Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-I”-ийг Хөвсгөл, Хэнтий, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II”-ийг Архангай, Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг аймагт хэрэгжүүлж, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлнэ.
- Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд, “Мянганы суут хүн Чингис хаан цогцолбор”-ын ажлуудыг цогц байдлаар дуусгаж, Монголын нууц товчооны дурсгалт газруудыг хамгаалах, олон улсад сурталчлан таниулах, дэд бүтцээр холбох ажлуудыг үе шаттай зохион байгууулна.
- Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн жуулчдын тоог нэг сад хүргэнэ
- Баян-Өлгий, Увс, Ховд, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод аймгуудад аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, отоглох цэг, авто зам дагуу үйлчилгээний цогцолборуудыг байгуулна.
- Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын салбарт технологийн дэвшил нэвтрүүлж, гадаад сурталчилгааг өргөжүүлж жуулчдыг татна.