Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын “А 420” тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу БОАЖЯ-наас “Сауд гоби коэл транс” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн цуцаллаа.
Ажлын хэсгийн дүгнэлтээр тус компани уул уурхайн стандарт, норм журмыг биелүүлээгүй, төлөвлөгөөт бичиг баримтыг бүрдүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий талбайд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг ноцтой зөрчил илэрсэн бөгөөд үүнийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж буй аж. Тус компани “17038219036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан юм.
Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ бол хууль мөрдөж ажилладаггүй компаниудад сануулга болсон үйл явдал боллоо. Цаашид Нарийн сухайтын бүлэг ордыг түшиглэсэн 34 лиценз дээр шалгалт оруулах бөгөөд хууль зөрчсөн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах болно” хэмээн мэдэгдлээ.
Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн шийдвэр гарсантай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт нэмэлт өөрчлөлт оруулан 153469,47 га газрыг өргөтгөлөөр улсын тусгай хамгаалалтад авахаар тогтоолын төсөл боловсруулжээ. Ирэх лхагва гарагт буюу энэ сарын 14-ний өдөр болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар эцэслэн хэлэлцэж, эцсийн шийд гаргана гэдгийг Н.Цэрэнбат сайд тодотгож байв.